ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүх ЗАГНАЖ, сайд нартаа хариуцлага тооц, асуудал их байна гэжээ

ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүх ЗАГНАЖ, сайд нартаа хариуцлага тооц, асуудал их байна гэжээ

Коронавирусийн халдварын тархалт, бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл болон бусад нөхцөл байдлын хүндрэлтэй зэрэгцэж шатахуун, шахмал түлшний дараалсан хомстол иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж Засгийн газрыг хэр хариуцлагатай, бэлтгэлтэй ажиллаж буйг шалгав. Үүсээд буй асуудлаар бүх шатандаа сандарч бужигнасны эцэст арай хийн гал дарж чадсан ч ийм эрсдэл дахин учрахгүй гэх баталгаагүй.

Өнөө, маргаашийн түлш, шатахууны хэрэглээгээ хангаж, асуудлыг шийдвэрлэсэн гэх ч өөр бусад олон төвөг цаана нь шийдэгдэж чадалгүй үлдсэн. Тиймээс ч тулгамдсан асуудлуудыг тойрсон улс төрийн уур амьсгал ч ширүүн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч, УИХ, намын аппаратын түвшинд ч толгой гашилгаж, санаа зовж суугаа гэх.

-“ЗАСГИЙН ГАЗРЫН АЖИЛ ЧИНЬ ЯВАХГҮЙ БАЙНА. АСУУДАЛ ИХ БАЙНА”
ГЭЖ  ҮАБЗ-
ИЙН ХУРАЛДААНААР ЯРЬЖЭЭ -

Аравдугаар сарын 01-нд нээсэн намрын чуулганы өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих асуудлыг тойрч ярьсан гэх мэдээлэл байсан ч үүнээс гадна цаг үеийн өөр бусад асуудлыг ч ярилцсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ажлаа олигтой хий гэж загнаснаас гадна хариуцлагагүй ажилласан сайд нартаа хариуцлага тооц гэжээ.

Ерөнхийлөгч энэ үеэр “Засгийн газрын ажил чинь явахаа байлаа. Асуудал их байна. Шатахууны хомстолын асуудлаар буруутай албан тушаалтанд хариуцлага тооц” гэжээ. Мөн Г.Занданшатарт хандан “Хариуцлагагүй ажилласан хүмүүстэй хариуцлага тооцохыг сануулж намрын чуулганы нээлтэд үг хэл” гэж даалгасан байна.

Энэ ярианы дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг нээж үг хэлэхдээ “Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахууны хомстол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл байгаа, хүндрэлтэй асуудлууд яагаад үүсэж буй шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч байх шаардлагатай” гэжээ.

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮЛГИЙН ХУРАЛДААНДАА “БИ БАГААРАА АЖИЛЛАНА”
ГЭЖ ХЭЛСЭН БАЙНА-

Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүртэл шатахууны хомстолоор хариуцлага тооцох асуудлыг ирэх долоо хоногийн /2021.10.11/ бүлгийн хурлаар ярина гэж мэдэгдсэн. Харин өнгөрсөн даваа гаригийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүддээ хандан “Би багаараа ажиллана. Хариуцлагын асуудлыг ярьж буй ч түр зуурын хүндрэл гэж харж байна. Асуудлын ард гарна. Сайд нараа сугалах бодолгүй байна” гэж хэлсэн байна.

Түүний энэ үг бүлгийн гишүүдийн дургүйцлийг төрүүлж нийгмийн уур амьсгал бухимдалтай байхад хариуцлагагүй сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газрын огцруулах эрсдэл рүү оруулна хэмээн жив, жув ярихад хүргэжээ.

Тухайлбал, шатахууны хомстолын асуудлаар Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэнгээ явуулж чадахгүй АМГТГ-ын хоёр дэд даргын нэг Ц.Эрдэнэбаярыг албан тушаалаас нь огцруулсан болоод асуудлаас гарах гэж буй нь хүртэл МАН-ынхны дургүйцлийг хүргэж буй аж. Харин ирэх долоо хоногийн даваа гаригийн бүлгийн хуралдаанаар Ц.Эрдэнэбаяраас өөр хэнд хариуцлага тооцох асуудлыг ярих вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Дээрхээс гадна мод тарих үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийн хурал саяхан болж уг хуралд Л.Оюун-Эрдэнэ хоцорч орж ирсэн байна. Үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уурсаж “Яагаад хоцроод байна” хэмээн загнасан гэх. Түүний энэ үйлдлийг ч Л.Оюун-Эрдэнэд дээрх асуудлаар шахалт үзүүлж буй хэлбэр хэмээн МАН-ынхан ярьж байна.

Ямартай ч бүх түвшиндээ Л.Оюун-Эрдэнийг шахаж хариуцлагагүй сайд нартаа хариуцлага тооц гэж байна. Харин нөгөөх нь “Багаараа ажиллана” хэмээн сөрж давхисаар хаана хүрч зогсох нь анхаарлыг татаж буй юм. Үнэхээр шахалтад орж хариуцлага тооцох бол Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээврийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхайн сайд Г.Ёндонгоо явуулахаас өөр аргагүйд хүрэх бололтой. Тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол Засгийн газрын асуудал хөндөгдөх эрсдэлтэй цаашлаад арваннэгдүгээр сард болох намын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах эсэх нь эргэлзээнд орох нь МАН-ын энэ өдрүүдийн уур амьсгал тод харуулж байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө