Х.Баттулгын гишүүд  “М.Энхсайханыг уучлах” хүсэлтэд гарын үсэг зураагүй тул Д.Ганбат ганцаараа зураад У.Хүрэлсүхэд илгээжээ

Х.Баттулгын гишүүд “М.Энхсайханыг уучлах” хүсэлтэд гарын үсэг зураагүй тул Д.Ганбат ганцаараа зураад У.Хүрэлсүхэд илгээжээ

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Баянхонгор аймгаас парламентад сонгогдсон Д.Ганбат гэх эрхэм ажиллаж буй. Тэрээр хоёр хуваагдсан М.Тулгат, О.Цогтгэрэл нарын АН дээр хоёулан дээр нь очоод Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр бүртгүүлдэг бас л “хийтэй эр”.

Мөн Д.Ганбат “С.Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дэвшүүлэхийг зөвшөөрөхгүй” хэмээн Н.Алтанхуяг, Ц.Туваан нартай хамт Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаад, удалгүй "АН ялж чадах нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүллээ.Нэр дэвшигчээ бүгдээрээ ялуулцгаая" гэцэн С.Эрдэнийг “дэмжиж” явсан бас л “хөгжилтэй нөхөр”. Энэ мэт түүний үйлдлийг зарим иргэд түүнийг шүүмжлэх нь бий. Тэгвэл тус нам дотор түүнийг “сайн эр” гэж ярих болжээ.

-“М.ЭНХСАЙХАНД УУЧЛАЛТ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮССЭН БИЧИГ”-Т АН-ЫН БҮЛГИЙН ЗАРИМ ГИШҮҮД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХГҮЙ ГЭЖЭЭ-

Учир нь, хоёр сарын өмнө /2021.08.05/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлалт үзүүлж, түүнийг хорих ангиас сулласан. Харин “М.Энхсайханд уучлалт үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж УИХ дахь АН-ын бүлгээс долдугаар сарын 09 /2021.07.09/-ны өдөр гаргасан.

Тус хүсэлтэд, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай,  бодитой ханадаггүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд “хонгил”-ын шүүгчид хэмээн яригдах болжээ” гэсэн байдаг. Хачирхалтай нь, “М.Энхсайхан хилсээр шүүгдсэн” гэсэн утгатай дээрх хүсэлтийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг албан тушаалаасаа буугаад удаагүй байхад нь гарсан юм.

Учир нь М.Энхсайханыг ял авахад Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэдэг.

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хуралдаж, “М.Энхсайханд уучлалт үзүүлэх хүсэлт”-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гаргая гэж ярилцжээ. Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын гишүүд гэдэг АН-ын бүлгийн 5-6 гишүүн “М.Энхсайханд уучлалт үзүүлэхийг хүссэн” албан бичигт гарын үсгээ зурахгүй гэжээ.

Иймд Д.Ганбат УИХ дахь АН-ын бүлгийн бланк дээр “М.Энхсайханд уучлалт үзүүлнэ үү” хүсэлт гаргаад, ганцаараа гарын үсгээ зураад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээжээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн хүсэлт

Товчхондоо, тэрээр бүх гишүүд гарын үсгээ зураагүй тул, АН-ын бүлгээ төлөөлж ганцаараа гарын үсэг зурж, “М.Энхсайхан хилсээр шүүгдсэн” гэсэн утгыг оруулжаад, Х.Баттулгад эсэргүүцлээ илэрхийлээд “уучлалт үзүүлэх тухай хүсэлт”-ээ У.Хүрэлсүхэд илгээсэн бололтой. Харин М.Энхсайхан энэ талаар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа, “Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш болж байгаа үзэгдлийг би өөдрөгөөр харж байна. Буруу явж байсан үзэгдлээс татгалзсан” гэжээ. Харин М.Энхсайханыг шоронгоос суллагдсаны дараа Д.Ганбат нар түүнтэй ийнхүү уулзаж, зургаа авахуулжээ.