АНУ-ын Нью Жерси мужид энэ аравдугаар сарын 06-ны өдөр 31 настай эрэгтэй амиа хорлохоор өндөр барилгын дээрээс үсэрч, BMW загварын үнэтэй автомашин дээрээс газардан амьд гарчээ.
Тодруулбал, тус өдрийн 10:20 цагт автомашин дээрээс унасан бөгөөд ойр хавьд явж байсан иргэд хүрч ирэн юу болсон талаар залуугаас асуусан байна.
Хэргийн гэрч өгсөн мэдүүлэгтээ, “Би том тэсрэлт сонссон. Үүнийг анх хүн байна гэж огт бодоогүй. Машины арын цонх хагарсан байсан бөгөөд залуу машин дээр унаад дараа нь орилж эхэлсэн. Түүнийг харахад гар нь бүтэн эргээд мушгирчихсан байсан” гэжээ.
Мөн өөр нэг иргэний хэлж буйгаар, “Үнэхээр гайхсан. Яг л кинонд тоглож байгаа юм шиг санагдсан. Түүний өмссөн байсан зузаан хүрэм нь бас тус болсон гэж бодож байна. Тэр машины дээрээс буухад баруун чихнээсээ маскаа унжуулсаар явсан” гэсэн байна.
Жерси хотын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Залууг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэсэн ч одоогийн байдлаар биеийн байдал нь тун хүнд байгаа” гэсэн байна.
Тус барилгад ажилладаг хүмүүс залууг тухайн үед үсрэхийг болиулах гэж оролдсон хэдий ч “Намайг тайван орхи, би үхмээр байна” гэж байжээ. Иймд цахим сүлжээнд тус залууд сэтгэлийн дэм болох гэсэн болон тус машины засварт туслахаар олон залуучууд нэгдсээр байгаа аж.