Ж.Золжаргал: Хятадад нүүрсний үнэ түүхэн өндөр хэмжээндээ хүрсэн байхад бид дэд бүтцээсээ болоод нүүрсээ экспортлож чадахгүй байна

Ж.Золжаргал: Хятадад нүүрсний үнэ түүхэн өндөр хэмжээндээ хүрсэн байхад бид дэд бүтцээсээ болоод нүүрсээ экспортлож чадахгүй байна

Нүүрс экспортлогч томоохон аж ахуй нэгжүүд болон Монголын нүүрсний ассоциац  хамтран экспортын нүүрсний болон АМНАТ-ийн жишиг үнэ тогтоох тухай хэлэлцүүлгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд зохион байгууллаа. 

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг хэт өндрөөр тооцож байгаа нь аж ахуйн нэгжүүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэж буй билээ.

Иймд цар тахлын хүнд үед тохирсон гарц гаргалгаа олох зорилгоор “Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “АМНАТ буюу ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөрийг ямар ч уул уурхайн компани олборлож борлуулсан л бол төлөх ёстой. Нүүрсний салбарын комданиуд тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн учир АМНАТ-ыг төлөх нь улсдаа төсөв бүрдүүлэхэд болон компаниудад тогтвортой үйл ажиллагаа явуулахад ашигтайгаас гадна иргэдтэй эрүүл зөв харилцаатай байхад нэмэртэй. Одоо тулгарч буй асуудал нь Хятад улсад нүүрсний үнэ түүхэн дээд өндөр хэмжээнд хүрсэн. Энэ үед Монгол улс нүүрсээ хилээрээ гаргаж чадахгүй байгаагаас гадна Монголын төр дэд бүтцийнхээ асуудлыг шийдэж чадаагүй учир зах зээл дэх өндөр үнээс бид нар тусгаарлагдсан. Тэр өндөр үнэ Монголд мэдрэгдэхгүй байна. Олборлосон тооноос хувьчилж боддог нөөцийн төлбөрийг зах зээл дээр байгаа өндөр үнээр шууд автоматаар бодож авч байна” гэж ээ

Г. Мөнхбаяр