ТАЙЛАНДЫН ИРГЭН ЛИМ: Манай шигшээ багийн тамирчид хаана ч тоглосон, би очиж дэмжих болно

ТАЙЛАНДЫН ИРГЭН ЛИМ: Манай шигшээ багийн тамирчид хаана ч тоглосон, би очиж дэмжих болно

2021 оны аравдугаар сарын 25. Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд “Азийн 23 хүртэлх насны цом” тэмцээн эхлэв. Энэ өдөр талбайн эзэн манай баг хэсэгтээ хамгийн өндөр чансаатай Тайландын багтай хүч үзсэн юм. Биднийг тоглолт дээр очиход талбайн хаа нэгтээ үзэгчдийн суудлаас “Монголс, Монголс, Урагшаа” гэж орилох сонсогдов. Ойртон очвоос Монгол хүн бус гадаадын иргэн өөрийн улсын, мөн Монголын тугийг барьчихсан тоглолт үзэж байв.

Энэ хүн бол Тайландын иргэн Лим. Ялахад нь хамт баярлаж, ялагдахад нь хамт уйлж тоглолтын туршид сэтгэл зүрхээрээ хамт байдаг хүмүүсийг үнэнч фанат гэдэг. Лим бол хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжихээр алс холын Тайланд улсаас Монголд ирсэн үнэнч фанат. Үүгээр ч зогсохгүй тэр багаа дэмжихийн тулд тоглолт болох талбайн дэргэд байр түрээслэн, тагтан дээр нь улсынхаа тугийг өлгөсөн байсан юм.

ВИДЕО:

-БАГАА ДЭМЖИХИЙН ТУЛД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
АЯЛСААР Л БАЙХ БОЛНО-

-Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Монголд анх удаа ирж байна уу?

-Сайн байцгаана уу. Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Намайг Лим гэдэг. Миний бие Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх U19 тэмцээнийг Монголд зохион байгуулах үеэр буюу 2016 онд мөн өөрийнхөө багийг дэмжихээр Монголд ирж байлаа. Тухайн үед Монгол надад их таалагдсан учраас хоёр дахь удаагаа ирээд байна.

-Таны багаа дэмжихийн тулд Цэнгэлдэхийн хажууд байр түрээслэн улсынхаа тугийг өлгөсөн байгаа зураг цахим сүлжээнд цацагдсан байсан?

-Баярлалаа. Би өөрийнхөө багийг дэмжихээр Тайландаас ирсэн. Та бүхэн сайн харах юм бол Тайланд улсын туг энэ хөлбөмбөгийн талбайд байхгүй. Тодорхой шалтгааны улмаас Тайландын тугийг энд байрлуулах боломжгүй болсон. Тиймээс би өөрийнхөө багийг дэмжихийн тулд энд байр хайж олоод, улсынхаа тугаа өлгөсөн юм.

-Байрандаа хэдийг хүртэл байрлах вэ?

-Энэ байрандаа би тэмцээн дуустал байрлах болно. Тагтнаас хөлбөмбөгийн талбай харагдах учраас тоглолт хэрхэн өрнөж буйг харах боломжтой. Байр маань надад их таалагдсан, их тухтай, сайхан байгаа шүү.

-Та шигшээ багаа дэмжихээр өөр орон руу аялж байв уу?

-Би бол мэргэжлийн дэмжигч, фанат хүн. Жил бүр, тоглолт болох бүрд өөрийнхөө багийг дэмжихээр явдаг. Одоогийн байдлаар 20 гаруй оронд болсон тоглолтыг маш олон удаагийн давтамжтайгаар байнга ирж, очин үзэж, багаа дэмжээд байна. Миний дараагийн төлөвлөгөө бол ирэх 12 дугаар сард Сингапурт болох тэмцээнд очиж багаа дэмжих. Дараа нь Энэтхэг явахаар төлөвлөж байгаа. Энэ мэт шигшээ багаа дэмжихийн тулд дэлхийн өнцөг булан бүрт аялсаар л байх болно. Манай баг хаана байна, би тэнд л байна.

-МОНГОЛЫН БАГ, ТАМИРЧДЫН ХҮНДЭЛЖ, ТУГИЙГ НЬ НАМИРУУЛСАН ЮМ-

-Тайландад хөлбөмбөгийн спорт хэр хөгжсөн юм бэ. Таны жишээнээс харахад Тайландын ард түмэн  энэ спортод их дуртай бололтой?

-Тэгэлгүй яахав. Тайландад хөлбөмбөгийн спорт их хөгжсөн гэж хэлж болно. Манайд хөлбөмбөгийн маш том, том стадионууд бий. Тоглолт бүрт тэдгээр стадионуудыг дүүртэл үзэгчид ирж, багаа дэмждэг. Энэ удаа маш олон хүмүүс багаа дэмжин Монголд ирэхийг хүсэж байсан ч цар тахлаас шалтгаалсан тусгаарлалт гэх мэт бусад нөхцөл байдлын талаарх мэдээллүүд маш тодорхой бус байсан учраас чадаагүй. Төрөл бүрийн газруудаас лавлаж асуусан ч мэдээллүүд нь хоорондоо зөрчилдөөнтэй байсан. Мөн нислэгийн билет 70 мянган бат буюу 2 мянга гаруй ам.доллар/5,7 сая төгрөг/ байсан нь их үнэтэй туссан. Түүнээс гадна ирэхдээ 23 цаг нисэж, олон удаа дамжих учраас зарим хүнд их ядрахаар байгаа юм. Энэ мэт шалтгааны улмаас олон хүн ирэх байсан ч цуцалсан байгаа.

-Та Монголын туг далбааг сая барьчихсан тоглолт үзэж байгаа харагдсан. Өрсөлдөгч багаа хүндэлж тугийг нь намируулав уу?

-Би аль ч улсад очсон тухайн улсын баг, тухайн улсын дэмжигчдийг хүндэтгэдэг. Үүнийхээ дагуу Монголын баг тамирчдыг хүндэлж, тугийг нь намируулсан юм.

-Өнөөдрийн тоглолтын сэтгэгдлээс хуваалцвал?

-Тэмцээн, уралдаанууд янз бүр байдаг шүү дээ. Янз бүрийн л үр дүнг үзүүлдэг. Үүний нэгэн адилаар тоглолт сайхан болж өндөрлөлөө.

-Монголд дөрвөн жилийн дараа ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна. Юу өөрчлөгдсөн байна?

-Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад замын түгжрэл маш их болсон байна. Замын түгжрэл нь дөрвөн жилийн өмнөхөөс илүү нэмэгдсэн байна. Гэхдээ Монгол орон их найрсаг ард түмэнтэй. Хэнтэй ч таарсан үргэлж найрсгаар инээмсэглэн угтдаг сайхан ард түмэнтэй орон. Энэ нь надад маш сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Би зөвхөн хөлбөмбөг үзэхээс гадна Монголын гайхамшигт байгалийг үзэж, танилцах, аялан зугаалах их дуртай.