"Гэр хорооллын өрхүүдэд эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ

"Гэр хорооллын өрхүүдэд эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор гаргасан "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” ирэх сарын 1-ээс /2021.11.01/ хэрэгжиж эхэлнэ.Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаанаар халаалтаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм.

Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилж оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.

Хөнгөлөлтийн хувь, хамрах хүрээ:

Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:

  • 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
  • 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:

  • Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх
  • Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
  • Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх

Г. Мөнхбаяр