БАРИМТ: Чингис хаан болон ҮХО банканд байршиж байгаа улсын мөнгийг татахаар болжээ

БАРИМТ: Чингис хаан болон ҮХО банканд байршиж байгаа улсын мөнгийг татахаар болжээ

Монгол Улсын Засгийн газар сүүлийн гурван жилд Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банкнаас нэлээд олон тэрбум төгрөгөө авч чадахгүй байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан билээ.

Тодруулбал, Чингис хаан банканд Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 100 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг байгаа. 

Мөн Үндэсний, хөрөнгө оруулалтын банканд "Эрдэнэт үйлдвэр"-ийн 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой"-н 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий. Гэвч эдгээрийг авч чадахгүй гурван жил болж байгаа гэдгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар онцолж байсан билээ. Энэ нь олны анхаарлыг татаж, нэлээд хэл ам дагуулсан.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан дээрх банкуудад байгаа мөнгийг татаж, өөр банкуудад төвлөрүүлэх шийдвэр гаргажээ. 

Энэ талаарх Сангийн сайдын 2021 оны арваннэгдүгээр сарын нэгний өдрийн арга хэмжээ авах тухай шийдвэрт "Чингис хаан банк нь 2021 оны хагас жилийн байдлаар 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан сайн үзүүлэлттэй байгаа хэдий ч тус банканд байршиж байгаа НДС, ЭМДС Төсвийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 140.8 тэрбум төгрөгийг, Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 12.2 тэрбум төгрөг, 2021 оны хагас жилийн байдлаар 36.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан хэдий ч 114.1 тэрбум төгрөгийг анхны шаардлагаар тус тус гаргаж өгөөгүй байна.

Мөн Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд Монголбанкны Банкны тухай хуулийн дагуу хянагч томилогдсон" болохыг дурдаад, дээрх хоёр банканд байршиж байгаа мөнгөн хөрөнгийг бусад банканд шилжүүлэх арга хэмжээ авахыг мэдэгджээ.