ЦЕГ: УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэр дээр эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй байна

ЦЕГ: УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нэр дээр эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй байна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт нэр холбогдож прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдээд байна. Мөн дахин нэг УИХ-ын гишүүн бэлгийн хүчирхийлэлд нэр холбогдсон гэх мэдээлэл энэ сарын 02-ны өдөр /2021.11.02/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. 

Тодруулбал, "Зууны мэдээ" сонины тус өдрийн  дугаарт энэ талаар онцолж, уг хэргийн хохирогч бүсгүй  гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх зэргээр бичсэн байна" гэсэн байв. Олон нийтийн дунд уг гишүүнийг Х.Болорчулууныг гэж ярьсан. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хуулийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллага, прокуророос асуу. Та нартай адилхан хэвлэлээс л мэдээлэл авлаа. Би өөрийгөө өмөөрч байгаа юм шиг айхтар тайлбар хийхгүй. Биет хүн бий бол тэр нь ярина биз. Нотлогдохгүй ээ. Хараарай" гэсэн байдаг. 

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг шалгаагүй гэжээ. Тодруулбал, Х.Болорчулуун гишүүний нэр дээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй байна гэсэн байна.