Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигч 33.1 мянгаар багасжээ

Улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигч 33.1 мянгаар багасжээ

Манай улсын хилээр энэ оны эхний 9 сард 488.6 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 574.7 (54.1 хувь) мянгаар багасжээ.

Монгол Улсын хилээр энэ оны эхний 9 сарын байдлаар 249.4 мянган зорчигч орсон байна. Тэдний 22.4 хувь нь Гашуун сухайт, 19 хувь нь Замын-Yүд, 14.9 хувь нь Шивээ хүрэн, 7.4 хувь нь Буянт-Ухаа, 4.6 хувь нь Алтанбулаг, 31.7 хувь нь бусад боомтоор нэвтэрчээ. Улсын хилээр орсон зорчигчдын 221.9 (89 хувь) мянга нь Монгол Улсын иргэн, 27.4 (11 хувь) мянга нь гадаад улсын иргэн юм.

Энэ оны долоодугаар сард Монгол Улсын 4415 иргэн тусгай нислэгээр, 140 иргэн авто зам,  төмөр замын боомтоор, наймдугаар сард 4081 иргэн тусгай нислэгээр, 198 иргэн авто зам, төмөр замын боомтоор, есдүгээр сард 2968 иргэн тусгай нислэгээр, 169 иргэн авто зам, төмөр замын боомтоор ирсэн байна.

Улсын хилээр 2021 оны эхний 9 сард гадаадын 27.4 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 33.1 (54.7 хувь) мянгаар багаслаа. Тэдний 83.2 хувь нь 30 хүртэл, 2.8 хувь нь 30-аас 90 хүртэл, 14 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар иржээ. Хилээр орсон гадаад зорчигчдын 4.7 (17.3 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух, 22.7 (82.7 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн аж.

Аялж жуулчлахаар манай улсад ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 30.7 (57.5 хувь) мянгаар багасав. Өмнөх оны мөн үеэс БНХАУ-ын жуулчид 7 795 (65.5 хувь), ОХУ-ынх 17 493  (65.7 хувь), БНСУ-ынх 4 016 (79.6 хувь), Канад Улсынх 84 (53.8 хувь) хүнээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Энэ оны эхний 9 сард улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 26.6 (97.2 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 779 (2.8 хувь) нь хүүхэд, 24.5 (89.2 хувь) мянга нь эрэгтэй, 2.9 (10.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд байв. Улсын хилээр орсон гадаад зорчигчдын 56.9 хувь нь Европ, 30.7 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 5.4 хувь нь АНУ, 7хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 20.2 хувийг БНХАУ, 38.2 хувийг ОХУ, 4.6 хувийг АНУ, 4.5 хувийг БНСУ, 12.3 хувийг Беларус, 2.2 хувийг Казахстан, 18 хувийг бусад улсын иргэн эзэлж байна.

Манай улсын 214.9 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний 9 сард гадаадад зорчсоноос 89.9 (41.8 хувь) мянга нь аялж жуулчилсан нь өмнөх оны мөн үеийнхээс 153.5 (63.1 хувь) мянгаар, 125 (58.2 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суухаар зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 83.8 (40.1 хувь) мянгаар багасав.

Хилийн чанадад зорчсон Монгол Улсын иргэдийн 200.8 (93.5 хувь) мянга нь эрэгтэй, 14.1 (6.5 хувь) мянга нь эмэгтэй, 2.5 мянга (1.2 хувь) нь хүүхэд аж. Тэдний 204.3 (95.1 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 1.2 мянга (0.6 хувь) нь 30-аас 90 хүртэл хоног, 9.4 (4.3 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явжээ.