Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ

Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өнгөрсөн сарын 18-ны өдөр /2021.10.18/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт яллагдагчаар татаж хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж нэг сарын хугацаантай саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа нөгөөдөр /2021.11.18/ дуусах юм. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсвэл батлан даалтад гаргах эсэх энэ өдөр тодорхой болно. 

Уг хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох "Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан" гэсэн юм. 

Тэгвэл Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан гэж "Өнөөдөр" сонины дугаарт онцолжээ. 

АТГ-ын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албан өрөөнд нь хийсэн нэгжлэгээр 6-7 сая төгрөг 30 000 орчим ам доллар хурааж авсан билээ. Д.Хаянхярваа бусдыг шантаажилж их хэмжээний хахууль авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өчигдөр хавтаст хэргийн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлсэн байна. Тэрбээр Говь-Сүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хясан боогдуулж Хятадын талын хөрөнгө оруулагчаас Хятадын талын хөрөнгө оруулагчаас нь их хэмжээний валют хахуульд авсан агаад түүнд мөнгө өгснөө илчилж өмнөд хөршийн иргэн АТГ-д гомдол гаргасан байна. Д.Хаянхярваатай хамт туслах н.Уртнасан гэх хүнийг ч шалгасан билээ. Түүнчлэн Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам доллар хахуульд авсан хэрэгт буруутгаж байгаа аж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэхь хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэснийг үндэслэн Д.Хаянхярваа өмгөөлөгчийнхөө хамт хүсэлт бичсэнээр шүүх хэргийг нь тун  удахгүй хэлэлцэн шийдвэрлэж хөнгөн ял оноох хууль үйлчилж буй аж.