УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ерөнхий захирлаар томилохоор ярьж байна

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ерөнхий захирлаар томилохоор ярьж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өнгөрсөн сарын 18-ны өдөр /2021.10.18/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг авлигын хэрэгт яллагдагчаар татаж хувийнх нь албан өрөөнд нэгжлэг хийж нэг сарын хугацаантай саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа нөгөөдөр /2021.11.18/ дуусах юм. 

Тэгвэл түүний дараа "Эрдэнэс Монгол" ХХК-г хэн удирдах гэдэг асуудал яригдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компанийн ерөнхий захиралд одоогийн дэд дарга Л.Энхболд яригдаж буй аж. Тэрбээр ч нэлээн идэвхтэй байгаа гэв. 

Тус компани Ерөнхий захирлаас гадна нэг тэргүүн дэд захирал, гурван дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулахаар өнгөрсөн жил бүтцээ шинэчилсэн. Гурван дэд даргад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг томилсон юм.

Түүний хувьд Өмнөговь аймгаас сонгогдон 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Өмнөговьд нүүрс тээвэр болон олборлолтын хэд, хэдэн бизнестэй ч өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Бичил санхүүгийн хөгжлийн сангаас зээл авч бусдын боломжийг хулгайлсан нэгэн. Тэрбээр тус сангаас зээлсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдсан. Үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал прокурорын хүсэлтээр хөндөгдөж хүртэл байсан билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.

Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ дурджээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ,Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажилладаг байсан. Мөн тэрбээр УИХ-д ажиллахдаа тодорхой санаачилсан хууль болон дорвитой ажил байхгүй юм.