Танилц: Чуулганы хуралдааныг Ц.Анандбазар хамгийн олон удаа тасалжээ

Танилц: Чуулганы хуралдааныг Ц.Анандбазар хамгийн олон удаа тасалжээ

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм" болон УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч аравдугаар сард УИХ чуулган нийт 10 удаа хуралдсан байна. УИХ-ын 19 гишүүн хуралдаанаа тасалсан, 30 гишүүн хуралдаанаас хоцорсон, 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй оролцсон байна.

УИХ-ын чуулганы хуралдааныг Ц.Анандбазар гишүүн хамгийн олон удаа буюу гурван удаа тасалсан байна. Харин УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн Н.Энхболд нар хоёр удаа тасалжээ. Мөн УИХ-ын гишүүн С.Батболд, Х.Ганхуяг, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, С.Одонтуяа Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Ч.Ундрам, Н.Учрал, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар О.Цогтгэрэл нар тус бүр нэг удаа тасалжээ.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Хүний картанд хүрдэг, кнопыг очиж дардаг асуудлаар шаардлага тавьж ирсэн. Цаашид ч үүнийг шаардсаар байх болно. Төр, ард түмнийг төлөөлж буй УИХ-ын гишүүд ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Ирцийг жижиг зүйл мэт авч үзэж байгаа хандлагыг үгүй болгоно. Цөөн хэдэн гишүүний ёс зүйгүй, хариуцлагагүй байдлын болоод бусад гишүүдийн нэр хүнд унаж байна.

Шинэ "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм"-ээр бол хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав ба түүнээс дээш удаа тасалсан бол УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хариуцлага тооцох заалтыг оруулж өгсөн. Цаашилбал хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтээс уучлал гуйна.

УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд түүнийг хуулийн байгууллага шалгана. Үүнийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо авч хэлэлцэх боломжгүй. Тухайлбал УИХ-ын Ц.Анандбазартай холбоотой асуудлаар хохирогч нарын зүгээс хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Прокурор хэргийг шалгаж байгаа. Манай байнгын хороо руу хандаагүй учир манайх нэр бүхий УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэх боломжгүй" гэлээ.