Ц.Туваан: Улаан буудайн борлуулалтын асуудал хүндрэлтэй байгаа учир Ажлын хэсэг байгуулсан

Ц.Туваан: Улаан буудайн борлуулалтын асуудал хүндрэлтэй байгаа учир Ажлын хэсэг байгуулсан

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Бейсен нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг хэрхэн ажилласан, дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хуулиар эрүүл мэндийн салбарыг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр төрийн болон хувийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж байгаа. 

Иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас хязгааргүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч болохоор болсон. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм авах жорыг бүх эмч нар бичиж, бүх эмийн сан олгодог болсон. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг саяхан дүгнэлтээ гаргаад Засгийн газарт чиглэл өгөх тогтоолоо батлаад байна. 

Шинэ хууль сум болон өрхийн эмнэлэгт хангалтгүй хэрэгжиж байна. Анхан шатны эмнэлгийн байгууллагуудад нэг иргэнээр тооцдог санхүүжилтийг хоёр дахин өсгөсөн. Ингэснээр анхан шатны эмнэлгүүдэд 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх онд шийдэж өгөхөөр болсон.

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, гурван ажлын хэсгийг баталж ажиллуулахаар болоод байна. Хүнсний улаанбуудайн борлуулалттай холбоотой асуудал аж ахуйн нэгж, иргэд, тариаланчдаас ирсэн. Улаанбуудайн борлуулалт ямар шатанд явж байгаа талаар шалгалт хийнэ. 

Хүнсний ногооны хангамж, тариалалтын асуудлыг шийдэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан. Эрээний хил хаагдахад манай улсад нарийн ногооны үнэ өссөн зэрэг асуудлыг энэхүү ажлын хэсгээр авч хэлэлцэнэ. 

Монгол Улс өнөөдрийн байдлаар 540 мянга гаруй тонн улаан буудай хурааж аваад байна. Гэтэл үүний борлуулалтын асуудал хүндрэлтэй байна. Тухайлбал, 240 мянга гаруй тонн борлуулагдсан яамны мэдээлэл байна. Үдсэн хэсэн нь борлуулалтаа хүлээж байна. Энэ талаар газар тариалангийн бүс нутгийн компаниуд улаан буудайн борлуулалтад төр засгийн зүгээс анхаарал хандуулна уу гэсэн хүсэлтийг тавьсны үндсэнд байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулсан" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Анхан шатны эмнэлгүүд төсвөөс санхүүжилт авахын ач холбогдол нь ард иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ сайжирна. Учир нь төсөв хүрэлцээгүйн улмаас сум, өрхийн эмнэлгүүд шинжилгээ хийж чадахгүй, эм тасалдах зэрэг шалтгаанаар иргэдэд гүйцэд тусламж үзүүлж чадахгүй байгаа.

Төсвийг хоёр дахин нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээг анхан шатанд нь үзүүлэх боломж бүрдлээ. Төсөв хүрэлцээгүйн улмаас нэгдсэн эмнэлэгт ачаалал нэмэгддэг байсан бол одоо өрхийн эмнэлэг, суманд шинжилгээ хийх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байгаа. Анхан шатны, сумдын эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах ёстой гэж үзээд энэ ажлыг зохион байгуулаад явж байна.