Б.Мөнхжин: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохирлоо

Б.Мөнхжин: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохирлоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомт хоорондын төмөр замын огтлолцлын асуудлыг шийдвэрлэсэн хэмээн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээллээ.

Тэрбээр “Өнөөдөр БНХАУ, Монгол Улсын хооронд төмөр замын огтлолцлын цэгийг нотоор солилцуулах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. БНХАУ-аас өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын энэ цэг дээр хоёр улсын төмөр замын огтлолцол байна гэдэг манай талын тавьсан саналыг хүлээн авсан төслөө манайд ирүүлсэн.

Үүнийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Засгийн газраар хэлэлцүүлж Хятадын талаас тавьсан саналыг зөвшөөрөх гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаснаар эрхзүйн бололцоо нээгдэж байна.

Хоёр улс Засгийн газрын түвшинд цэгээ тохирчихлоо. Одоо "Чайна энержи", "Тавантолгой төмөр зам" гэсэн хоёр аж ахуй нэгж хэрхэн зохион байгуулах, ямар байгууламж барих, шилжин ачих ажилд ямар хүндрэл учрах вэ  гэдэгт ажил хэргээ уялдуулан, тохиролцоод явна гэсэн үг" гэлээ.