Парламентын засаглалын талд зогсоно гэж Ардчилсан нам мэдэгдлээ

Парламентын засаглалын талд зогсоно гэж Ардчилсан нам мэдэгдлээ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тус намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар танилцууллаа. 

-АРДЧИЛСАН НАМ АРДЧИЛАЛЫН ӨДРИЙГ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ БАЯРЛАЖ ӨНГӨРҮҮЛНЭ-

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан  маргааш болох Ардчилалын баярын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг дэлхийн Ардчилалын баярын өдөр болгон зарласан. Энэ шийдвэрийн хүрээнд Монгол улс ардчилалын 30 жилийн тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Манай нам энэ сарын 13-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд Ардчилалын баярын ард түмэнтэйгээ хамтран тэмдэглэх шийдвэрийг гарган зохион байгуулалтын ажлаа хийгээд явж байна. Ойн арга хэмжээний хүрээнд “Өчигдөр ба өнөөдрийн Монгол” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн. Мөн маргааш Монгол улс ардчилалын замаар 30 жил сэдэвт “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол, практикийн хурлыг Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Нийслэлийн бүх дүүргүүдийн Ардчилсан нам оролцсон нээлттэй өдөрлөгийн зохион байгуулна. Нээлттэй өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэг тус, тусдаа өөрсдийн онцлог үзүүлбэрүүдийг үзүүлнэ. Ардчилалын замнал, алдаа оноо, сургамж, сорилт таван боть номын нэгдүгээр боть номын нээлтийг хийнэ. Мөн Сүхбаатарын талбайд хоолны фистиваль, урлагийн тоглолт, ховор чамин автомашины үзэсгэлэн, спортын арга хэмжээ явагдахаас гадна орой Монголын хамгийн том лазерын шоу, бүх оддын тоглолт болно” гэлээ

-АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛСАН -

Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулгын талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “АН-ын улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж нийгэм, улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсөн шийдвэрийг гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хувилбарыг бид дэмжиж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа. Учир нь Ерөнхийлөгч болон АН-аас гаргасан санал хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ороогүй. Анхны зорилтоосоо нэмэлт, өөрчлөлтийн төсөл ухарсан. Үндсэн хуульд оруулах шаардлага хангасан төсөл байж чадахгүй.

Тиймээс хоёрдугаар төслөөр ард нийтийн санал асуулга явуулахыг бид эсэргүүцэж байна.

Ардчилсан нам ажлын хэсэг байгуулан ард нийтийн санал асуулгыг ямар асуултаар явуулах, загвар эх нь ямар байх, ямар хүрээнд явуулах асуудлаар судалж эрх баригчтай зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан. Ардчилсан нам цаашид ардчилалаас ухрахгүй, сонгодог парламентаа хөгжүүлэхийн тулд тууштай ажиллана" гэлээ. 

Ажлын хэсгийн ахлагч З.Нарантуяа, гишүүнээр АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар ажиллах юм байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ:




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө