"МИАТ-ийг хувийн хэвшилд өгөхгүй, IPO гаргах замаар олон нийтийн хяналттай компани болгоно"

"МИАТ-ийг хувийн хэвшилд өгөхгүй, IPO гаргах замаар олон нийтийн хяналттай компани болгоно"

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан асуултын хариуг хэлэлцлээ. 

Сүүлийн үед зарим хэвлэлээр МИАТ компанийн 40 хүртэлх хувийг хувийн хэвшлийн авиа компаниудад өгнө гэсэн мэдээлэл түгээд буй. Уг мэдээлэл "худал, ор үндэсгүй" гэдгийг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл онцоллоо.

Тэрбээр “МИАТ компанийн 40 хүртэлх хувийг хувийн хэвшлийн авиа компаниудад өгнө” гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл. Ийм асуудлыг ерөөсөө яриагүй. Харин МИАТ компанийг 100 хувь төрийн өмчит байлгаж байгаад УИХ-аар олон нийтийн компани болгох чиглэлүүдийг батлуулан төрийн өмч давамгайлсан IPO гаргах замаар олон нийтийн хяналттай компани болгохоор төлөвлөж байгаа. Уг ажлын хүрээнд зарим бүтцийн өөрчлөлт хийнэ. Тодруулбал, эхний ээлжинд газрын үйлчилгээ, техникийн үйлчилгээ хариуцаж байгаа багийг тусад нь охин компани болгох юм. Хэрэв ингэвэл нэг онгоцонд оногдох ажилчдын тоо 80 болж буурах боломжтой” гэв.

Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Шатахуун хангамж байгууламжийн ашиглалтыг Иргэний нисэхийн ерөнхий газар хариуцаж, 2021 оныг дуустал 1.8 тэрбум төгрөгийн алдагдлыг хариуцаад байна. МИАТ ТӨХК-ийн Засгийн газрын нөөц сангийн алдангийн үлдэгдэл болох 989.7 сая төгрөгийн өглөг, ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад төлөх нисэх буудлын болон агаарын үйлчилгээний хураамжийн хуримтлагдсан 9.27 тэрбум төгрөгийн өглөгийг тус тус чөлөөлүүлэхээр ажиллаж байна" гэв.