Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia системийг нэвтрүүлснээр төр болон иргэнээс гарах байсан нийт 64.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн

Б.Болор-Эрдэнэ: E-Mongolia системийг нэвтрүүлснээр төр болон иргэнээс гарах байсан нийт 64.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн

“E-Mongolia” мэдээллийн цэгт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар оролцсон юм.

Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, "E-Mongolia системийн хэрэглэгчдээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 мянга гаруй санал хүсэлт ирсэн. Эдгээр саналыг үндэслэн үйлчилгээнүүдээ системд нэмээд явж байгаа. 2021 оны аравдугаар сарын 1-нд И-Монголиа 2.0 хувилбарыг нээсэн. Одоогийн байдлаар 57 байгууллагын 574 үйлчилгээ системд ороод байна. Нийт үйлчилгээний 138 нь лавлагаа тодорхойлолт бөгөөд иргэд 2-3 минутад авах боломжтой. Мөн 436 гаруй олон шатлалт үйлчилгээ буюу иргэн хүсэлт гаргаад, тодорхой хугацааны дараа хариу авч байгаа. “e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ.

Үүний зэрэгцээ гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна. E-Mongolia системийг нэвтрүүлснээр төр болон иргэнээс гарах байсан нийт 64.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэсэн.

Нийтийн мэдээллийн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хуулиудыг өчигдөр УИХ-аар оруулж, эцсийн хэлэлцүүлгийг явуулж, батлагдахад бэлэн болсон гэж хэлж болно. Эдгээр хуулиудаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардах асуудлыг хориглож байгаа. Ингэснээр иргэн төрийн байгууллага хооронд ямар нэгэн бичиг баримт барьж гүйх асуудал цаашид байхгүй. Төрийн байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ солилцож, иргэнд чирэгдэл учруулахгүй.

Монгол Улсын иргэний дата руу хэн нэгэн зөвшөөрөлгүй халдсан, ялангуяа төрийн албан хаагч тухайн иргэний датаг үзсэн тохиолдолд иргэнд E-Mongolia болон мессеж хэлбэрээр мэдэгдэл очно. Тэгэхээр иргэн дата мэдээллийг нь үзэх эрхгүй гэж үзсэн тохиолдолд E-Mongolia-д гомдол гаргах боломж бүрдэж байгаа. Монгол Улсын иргэн бүр цахим гарын үсэгтэй болно. Ингэснээр зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлийн салбарууд тэр дундаа технологи ашиглаж, гэрээ хэлцэл хийдэг салбарууд хурдтай хөгжих боломжтой гэж харж байна" гэлээ.

Мөн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, "Улсын бүртгэлийн хуульд заасан 32 төрлийн төрийн үйлчилгээ байдаг. Үүнийг дотор нь задалбал 150 орчим үйлчилгээ, лавлагаа болдог. Монгол Улсын иргэний харьяатаас гарсан, сэргээсэн, харьяат болсон, гэрлэлт зэрэг дөрвөн бүртгэлээс бусад бүх үйлчилгээг цахим болгох ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар “E-Mongolia” систем дээр УБЕГ-ын 59 төрлийн лавлагаа, үйлчилгээ орсон. Үүний 22 нь лавлагаа, 37 нь хоёроос дээш шатлалт үйлчилгээ байна.

“E-Mongolia”-д орсон УБЕГ-ын үйлчилгээнүүд гурван төрөлд хуваагдаж байгаа. Нэгт, иргэн компьютер болон гар утаснаасаа шууд авах боломжтой бүрэн цахим үйлчилгээ. Хоёрт, хагас хүргэлттэй буюу “E-Mongolia” системээр дамжуулан иргэд захиалж, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргийг гар дээрээ авах үйлчилгээ. Гуравт, хоёр талдаа хүргэлттэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна. Төрийн цахим шилжилтийн хамгийн гол алхам нь төрийн үйлчилгээний процессыг сайжруулах ажил юм. Жишээ нь, гадаад паспорт авах процесс нь зураг авах, бүртгэх, баталгаажуулах, хэвлэх, түгээх, тараах гэх зургаан үе шат, алхмаар явагддаг. Харин өнөөдөр цахимжсанаар энэ процесс дөрвөн шат болтлоо буурсан. Ийнхүү УБЕГ-ын үйлчилгээг авах зардал, цаг хугацаа, чирэгдэл буурсны үр дүнд зөвхөн иргэдийн халааснаас 213 сая төгрөгийг хэмнэсэн гэх тоо байна.

Үндсэндээ хуульд өөрчлөлт оруулах замаар ирэх гурван жилийн дотор регистрийн дугаарыг хална. Ирэх онд гол том ажлууд нь хийгдэнэ. 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс шинээр төрсөн хүүхдэд шууд 12 оронтой бүртгэлийн дугаар олгох өөрчлөлт, зохицуулалт хийгдсэн. Түүнчлэн, ирэх оноос иргэдэд цахим гадаад паспорт олгож эхэлнэ. Цахим гадаад паспорт дээр тоон гарын үсэг шууд хэрэглэгдэнэ. Эдгээр ажилд төсвөөс 5.8 тэрбум төгрөг тусгасан. Уг санхүүжилтээр нийт 10 сая лиценз олгох бөгөөд шаардлагатай програм хангамж, техник хангамж болон лицензийн үнэ гэх бүх зардал нь багтсан" гэв.