Соёлын сайд Ч.Номин Польшийн элчин сайд  Кшиштов Бойкотой уулзлаа

Соёлын сайд Ч.Номин Польшийн элчин сайд Кшиштов Бойкотой уулзлаа

Соёлын сайд Ч.Номин өчигдөр /2021.11.15/ Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштов Бойкотой уулзлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа бөгөөд цаашид мэргэжлийн урлагийн болон соёлын өвтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах хүрээнд энэ удаагийн уулзалж өндөрлөлөө.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Польшийн алдарт хөгжмийн зохиолч Фридерик Шопений нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнийг зохион байгуулахад Элчин сайдын яам дэмжлэг үзүүлж, Ф.Шопены институт Монгол Улсад зохиогддог энэхүү уралдааныг Азидаа зохиогддог мэргэжлийн хамгийн том уралдаан гэж үнэлэхэд хүргэсэн явдалд талархал илэрхийлсэн юм.

Мөн Марко Пологоос өмнө Монгол Улсад аялсан Бенедикт Полакийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэнг гаргах, Польшийн кино өдрүүд зэрэг энэ сард болох арга хэмжээнд нь амжилт хүсээд хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, Монгол-Польшийн түүх, соёл, урлаг, археологийн судалгаа шинжилгээний ажлыг олон агуулгаар баяжуулах, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, симпозиум, түүхэн аялал болон бусад холбогдох соёлын салбарын ажлуудыг давтамжтай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан ойлголцод хүрэв.