“Netflix”-ийг шуугиулж буй “Our Beloved Summer" драманы туслах найруулагчаар ажилласан монгол бүсгүй Б.Сумъяасүрэнтэй ярилцлаа

“Netflix”-ийг шуугиулж буй “Our Beloved Summer" драманы туслах найруулагчаар ажилласан монгол бүсгүй Б.Сумъяасүрэнтэй ярилцлаа

БНСУ-ын кино урлаг маш өндөр түвшинд хөгжиж, дэлхий даяар хэдэн тэрбум үзэгчтэй болсныг хүн бүхэн мэднэ. Тэгвэл саяхан нээлтээ хийж, “Netflix”-ээр цацагдсан “Our Beloved Summer” олон ангит киноны туслах найруулагчаар монгол бүсгүй ажиллажээ. Түүний нэрийг Б.Сумъяасүрэн гэдэг.

Б.Сумъяасүрэн БНСУ-д кино найруулагчийн мэргэжлийг эзэмшсэн бөгөөд сургуулиа төгссөнөөс хойш өнөөг хүртэл тав гаруй кино төсөлд амжилттай ажиллажээ. Бид энэ удаагийн ярилцлагын буландаа түүнийг урьж, Солонгосын кино урлаг хийгээд ажлынх нь онцлог, хувь хүний талаар сонирхолтой яриа өрнүүлээ.

-КИНО “NETFLIX”-ЭЭР ЦАЦАГДАЖ БАЙГАА ГЭДЭГ УТГААРАА ИЛҮҮ ӨНДӨР ШААРДЛАГА ТАВИГДДАГ-

-Монгол бүсгүй Солонгосын нөлөө бүхий залуу жүжигчид тоглосон олон ангит кинонд туслах найруулагчаар ажилласан гэдгийг сонсоод үнэхээр их бахархаж байлаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Баяндэлгэрийн Сумъяасүрэн гэдэг. 29 настай. Монголд төрж, өссөн. БНСУ-д ажиллаж, амьдраад 10 гаруй жил өнгөрч байна.

-“Our Beloved Summer”-аас өмнө ямар нэгэн кино төсөлд ажиллаж байв уу?

-Би 2011 онд телевиз, кино найруулагчийн чиглэлээр суръя гэж БНСУ-д ирсэн. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд тав гаруй жил энд суралцаж, төгссөн. Анх Солонгосын драмад ажиллах зорилготой ирж байсан юм. Сурч байхдаа драмад “дадлага хийе” гэсэн ч боломж олдоогүй. Тиймээс жижиг телевизийн нэвтрүүлэгт анх дадлага хийсэн. Тэгтэл нэвтрүүлэгт хамт ажиллаж байсан багийнхан маань “дараа нь цэнгээнт нэвтрүүлэг дээр хамтарч ажиллая. Төгсөөд ирээрэй” гэсэн. Сургуулиа төгссөний дараа цэнгээнт нэвтрүүлэг дээр жил гаруй хугацаанд ажилласан. Гэхдээ нэг л таалагдаагүй. Бага цалинтай, мөн маш их ажил хийдэг. Ажлаа солих талаар бодож байтал Солонгос драма хийдэг продюсер хүн надад санал тавьсан юм. Ингээд л кино төсөлд ажиллах боломж анх гарч байсан даа.

“Our Beloved Summer” бол миний тав дахь кино төсөл. 2018 онд анхны кино төсөл дээрээ ажиллаж байсан. Ер нь жилд 16 ангитай бол нэг драмад, богино хэмжээний найман ангитай бол хоёр драма дээр ажиллачихдаг.

- “Our Beloved Summer” драма “Netflix”-ээр цацагдаж байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний платформ гэдэг утгаараа илүү өндөр шаардлага тавигддаг уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Өмнө нь киногоо зөвхөн телевиз рүүгээ цацдаг байхад долоон хоногийн өмнө л бэлдэж өгдөг байсан. Мөн зураг авалт хойшлох юм бол ярилцаж, уян хатан байдлаар шийддэг. Харин  “Netflix”-д тийм зүйл огт байхгүй. Заавал цацагдахаас өмнө 14 хоногийн өмнө киногоо өгсөн байх шаардлагатай. Хэрэв хугацаанаас нь хоцроох юм бол гэрээний дагуу нөхөн төлбөр төлдөг.

-Солонгосын олон ангит драманууд Монголд төдийгүй дэлхий даяар алдартай шүү дээ. Тэгэхээр драманы найруулагч яаж ажилладаг нь уншигчдад их сонирхолтой санагдах байх. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Солонгост найруулагч болохын тулд маш хэцүү замыг туулдаг. Хурдан хугацаанд найруулагч боллоо гэж бодоход доод тал нь 10 гаруй жил шаардагдана. Үндсэн найруулагч хүн мэдээж кино зохиолоо найруулаад явна. Харин найруулагчийн багт ажилладаг 8-10 хүн үлдсэн бүх зүйлийг нь хийж өгдөг. Би тэдний нэг буюу туслах найруулагч. Миний хувьд зургийн талбайн зохион байгуулалтын ажлыг хариуцдаг. Өглөө зургийн талбайд ирж жүжигчдээ ирсэн эсэхийг шалгана. Тухайн сценд ямар жижиг хэрэгсэл шаардлагатай байгаа бүгдийг нь цуглуулна. Зургийн талбайн нүх, сүв, ар өвөр гээд бүх зүйлийг нь мэдэж байх ёстой. Ямар нэгэн асуудал гарвал яаж хурдан шийдэх вэ гэх мэт зохион байгуулалтын ажлыг илүү хийдэг гэсэн үг.

-Та жилд 16 ангитай нэг драма дээр ажилладаг гэж хэлсэн шүү дээ. Ер нь Солонгос драманы зураг авалт өдрийн хэдэн цаг үргэлжилдэг юм бэ. Маш шахуу ажилладаг уу?

-Манай драма харьцангуй бага шөнийн зурагтай байсан. Солонгост долоон хоногийн дөрвөн өдөр, ингэхдээ нэг өдөрт дээд тал нь 16 цаг зураг авалт хийх хууль батлагдчихсан. Хэрэв 16 цагаас хэтэрвэл торгууль төлнө. Тухайн сцен 16 цагтаа багтаж дуусахгүй байвал шууд таслаад дараа нь авдаг. Энэ хууль батлагдаад хоёр гаруй жил л өнгөрч байна. Одоо бол төгс хэрэгжиж байгаа.

-МОНГОЛ НЭРТЭЙГЭЭ БАЙЖ ГЭМЭЭН НАМАЙГ МОНГОЛ ХҮН ГЭДГИЙГ МЭДНЭ. ТИЙМЭЭС СОЛОНГОС НЭР АВААГҮЙ-

-“Our Beloved Summer” драманы эхний ангийг үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Киноны үйл явдал Солонгосын соёл, уламжлалыг шингээсэн, нөгөө талаар сурталчилсан маш үзэсгэлэнтэй газруудад өрнөж байсан. Зураг авалт явагдах газруудыг найруулагчид мөн сонгох уу?

-Тэгэлгүй яахав. Драма эхлэхэд хамгийн эхэнд зохиолын дагуу зураг авалт явагдах газруудыг сонгодог. Найруулагч иймэрхүү газар хэрэгтэй юм байна гэсэн санаагаа хэлэхэд “location manager”-ууд 4-5 газар сонгож, зургийг нь үзүүлдэг. Тэндээсээ сонгож, зураг авалт эхлэхээс өмнө заавал очиж харна. 

-Монголд кино зураг авалт хийе гэхэд цаад газраас нь зөвшөөрөл олгохгүй байх гэх мэт асуудал үүсдэг. Солонгост үүнийг яаж шийддэг юм бэ?

-“Location manager”-ууд удаан хугацаанд үйл ажиллагаа явуулчихсан өөрийн гэсэн компанитай. Ихэнх газартай холбоотой байдаг учраас зураг авалт хийхэд асуудал үүсээд байдаггүй. Мэдээж бид нар үнэгүй зураг аваад байгаа юм биш. Тухайн газарт нь түрээсийн төлбөр өгнө, хүссэн зүйлийг нь хийнэ. Тухайлбал, нэг кафед зураг авалт хийхийн тулд өдрийн орлогыг өгч байх жишээтэй. Тийм болохоор ямар ч асуудал гардаггүй. Хэрэв улсын тодотголтой газар байвал заавал зөвшөөрөл хүссэн бичиг  явуулдаг. Зөвшөөрөл олгоогүй газар зураг авалт хийнэ гэсэн ойлголт байхгүй.

-“Our Beloved Summer” драмын жүжигчдийн талаар ярьж болох уу. Монголд ялангуяа өсвөр насны хүүхдүүд, залуучууд энэ төрлийн драма их үздэг. Жүжигчдийг нь таньдаг, фэн клубд нь хүртэл байдаг. Тэгэхээр өөрсдийнх нь шүтэж, биширдэг жүжигчид дэлгэцийн ард ямар зан ааштай хүмүүс байдаг гэдгийг мэдэхийг хүсэж байгаа байх?

-Гол дүрийн эрэгтэй жүжигчин яг л өөрийнхөө амьдрал дээрээ байгаа дүрийг харуулж байгаа гэж хэлж болно. Өөрийнх нь байгаа байдал нь хээгүй, баргийн юм тоодоггүй тийм хүн. Кино дээрээ яг л өөрийнхөө зан ааш, характерийг л гаргасан. Харин эмэгтэй жүжигчин нь дүрээсээ арай өөр. Амьдрал дээрээ нэг их юм яриад байдаггүй, дуу цөөтэй хүн юм шиг санагдсан. Харин кино дээрээ илүү хөгжилтэй, яриасаг эмэгтэйн дүр бүтээдэг. Ер нь жүжигчид нь маш хөгжилтэй, дулаахан хүмүүс байдаг.

-Киноны OST-ийг BTS хамтлагийн V дуулсан байсан. BTS бол дэлхий даяар хэдэн зуун сая фэнтэй, нэр хүндтэй хамтлаг. Дэлхийн хэмжээний хамтлагийн гол хоолойгоор киноны дууг дуулуулах боломж хэрхэн олдов?

-Жүжигчнээр дамжиж орж ирсэн санал байсан. V манай гол дүрийн эрэгтэй жүжигчинтэй маш дотно. Бид нарт бол маш том олз болсон шүү/инээв/.

-Киноны танилцуулга дээр найруулагчийн багийн гишүүдийн нэрс байсан. Та монгол нэрээ бичүүлсэн байсан? 

-Тийм ээ. Кино болгон дээр монгол нэрээ солонгосоор биччихдэг. Анх хүмүүс солонгос нэр ав гэж их хэлдэг байсан. Гэхдээ монгол нэрээрээ явж байж хүмүүс намайг монгол хүн гэдгийг мэднэ шүү дээ. Тиймээс солонгос нэр аваагүй.

-Ярилцлагын эхэнд та цэнгээнт нэвтрүүлэг цалин багатай гэж хэлж байсан. Тэгвэл кино найруулагчийн цалин хэр боломжийн байдаг вэ?

-Ер нь маш өндөр гэж хэлж болно. Найруулагчийн баг, гэрэлтүүлэгч, камерын баг  өөрсдийгөө үнэлдэг. Ажлаа сайн хийж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн бол би энэ төсөл дээр ийм хэмжээний мөнгөөр ажиллана гэж өөрийнхөө үнэлгээг эхлээдхэлдэг.

-МАШ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙДЭГ УЧРААС СОЛОНГОСЫН КИНО УРЛАГ ӨНДӨР ТҮВШИНД ХӨГЖСӨН-

-Солонгосын кино урлаг маш өндөр түвшинд хөгжсөн байна шүү дээ. Дэлхий даяар л Солонгос драма, Солонгос кино үзэж байна. Кино урлаг нь энэ хэмжээнд хүрч хөгжсөний гол шалтгаан нь юу гэж та бодож байна?

-Кино урлагтаа маш их хөрөнгө оруулалт хийдэг. Мөнгө хэр их орж байна тэр хэмжээний тоног төхөөрөмж ашиглана, тэр хэмжээний хүн хүч ажиллаж сайн уран бүтээл гарна шүү дээ. Бас нэг онцлох зүйл нь зохион байгуулалт. Кино зураг авалт маш өндөр зохион байгуулалттай явагддаг. Зөв системчлэгдчихсэн. Бүх хүн зөвхөн өөрийнхөө хариуцсан ажлыг л хийдэг. Цагаа яс барьдаг.

-Монголдоо ирж кино хийх бодол байдаг уу?

-Мэдээж байгаа. 100 хувь Монголд гэхээсээ илүү хоёр талын хамтарсан уран бүтээл хийнэ гэж боддог. Гэхдээ одоохондоо цаг нь арай болоогүй байна.

-Та ер нь кино найруулагчийн мэргэжлийг яагаад сонгосон юм бэ?

-Би математикдаа тийм ч сайн хүүхэд байгаагүй. Урлаг, соёл, спортод илүү сонирхолтой. Арван жилээ төгсөхдөө “би ер нь тоо бодож чадахгүй юм байна” гээд л урлаг руу орчихсон/инээв/. Монголд Радио телевизийн дээд сургуульд нэг жил сураад, Солонгост ирсэн. 2011 онд арав гаруй хүүхэд Монголоос Солонгост ирж байсан бол зургаан сарын дараа би ганцаараа л үлдсэн. Сургуулиа төгссөний дараа ажиллах боломж ч олдсон. Энэ бүхнээс харахад би анхнаасаа л энд ирж сурч, ажиллах ёстой хүн байсан юм болов уу гэж боддог.

-Солонгос хүн ам ихтэй гэдэг утгаараа ажлын талбар нь маш их өрсөлдөөнтэй гэж хүмүүс боддог шүү дээ. Ер нь ажлын байрны хүртээмж хэр байдаг юм бэ?

-Хамгийн чухал зүйл нь визний асуудал. Ажиллах боломжтой, болон боломжгүй виз гэж байна. Энэ хамгийн чухал нь. Хоёрдугаарт, хэл маш чухал. Хэлийг төгс эзэмшсэн байж гэмээн зураг авалтын талбайд ажиллана гэсэн үг. Эдгээрийг нь шийдчихвэл ажлын байр асар их байгаа. Ялангуяа драма, телевизийн чиглэлд хүн хүч дутагдалтай байдаг.

-Ярилцлагын төгсгөлд Солонгост кино урлагийн чиглэлээр сурах сонирхолтой хүүхэд, залуус хандаад үг хэлээч?

-Хүн болгон өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Тэр зорилгодоо тууштай л байх хэрэгтэй. Би анх найруулагч болохоор Солонгост ирэхдээ одоогийн энэ хэмжээнд хүрнэ гэдгээ мэдэхгүй л байсан. Сургуульд сурч байхдаа бусдын адил цайны газарт зөөгч, угаагч хийдэг байсан. Тэр үедээ шантарч, “за энэ миний хийх ажил биш юм байна” гэж бодоогүй. Цайны газарт зөөгч хийдэг байхдаа "би угаасаа л сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллана, одоо хийж байгаа зүйл бол юу ч биш" гэж “давж” боддог байсан. Тиймээс хүүхдүүдэд мэргэжлээ сонгочихсон бол битгий хаяарай. Эцсийг нь үзэх хүртлээ тэмцэж, зүтгээрэй. Зорилгодоо үнэнч байгаарай. Боломжгүй зүйл гэж байхгүй шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Баярлалаа.