LIVE: Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа 300 төгрөгөөр буцаан өгөх боломжтой

LIVE: Иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа 300 төгрөгөөр буцаан өгөх боломжтой

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгын Газрын тогтоолын дагуу нийслэлийн агаарын чанарын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хэмжээ өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан ба энэ нь цас орж, салхины эрчим бага зэрэг нэмэгдсэнтэй холбоотой болохыг холбогдох албаны хүмүүс хэллээ. 

Энэ үеэр Лхагва гаригаас эхлэн иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Иргэд хэрэглэсэн шуудайг "Тавантолгой түлш" ХХК-ийн хангамжийн таван баазад тушаах юм.

Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ихбаяр “Иргэдээс түүхий нүүрс хэрэглэж байна гэх гомдол, мэдээлэл ирүүлэх болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэр хороололд хяналт тавина. Улаанбаатарт “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний нөөц, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Түлш борлуулах 600 цэг ажиллаж байна” гэлээ.

Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр, "Тавантолгой түлш" ХХК-ийн барьцалдуулагч бодист тооллого явуулжээ. Энэхүү тооллогоор БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг тонны савлагаатай 1200 тонн барьцалдуулагч гурван агуулахад хадгалагдаж байна. Баруун бүсийн үйлдвэрт 104 тонн барьцалдуулагч байгаа аж. Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар нийт 1374.8 тонн барьцалдуулагч бодисын нөөцтэй байна.