Л.Бямбаа шүүгчийн хэргийг хааж, хүү С.Төмөрбатыг эх орондоо авчирахаар ажиллаж байна

Л.Бямбаа шүүгчийн хэргийг хааж, хүү С.Төмөрбатыг эх орондоо авчирахаар ажиллаж байна

-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫН ИХ ХЭМЖЭЭНИЙ АВЛИГАЛЫН ХЭРЭГТ ТАЛИЙГААЧ НЬ ХАМЖИГЧААР ОРОЛЦСОН-

АТГ-аас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос долоон сарын өмнө буюу энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан.

Баривчилгааны үеэр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой хөдлөшгүй нотлох баримтуудыг хураан авснаар цагдан хорих үндэслэл бий болсон аж. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цаг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.

Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход Л.Бямбаа өөрийн хоригдож байсан өрөөндөө хоолойгоо боомилсон байдалтай амиа алдсан байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Харин хуулийн байгууллагынхны шалгалтаар талийгаач Л.Бямбаагийн үхэлд гадны нөлөө илрээгүй бөгөөд задлан шинжилгээгээр талийгаач эмэгтэй өөрийнхөө амь насыг хохироосон болох нь тогтоогдсон байдаг. Улмаар өнгөрөгч зургаадугаар сарын сүүлчээр түүний хэргийг хаах санал гаргаад байсан ба энэ хэрэг албан ёсоор хаагдсан гэх мэдээлэл тарж эхлээд буй.

Салхитын мөнгөний ордын их хэмжээний авлигалын хэрэгт талийгаач нь хамжигчаар оролцсон нь АТГ-ын мөрдөн байцаах албанаас тогтоосон байсан аж. Харин талийгаачийн хүү болох Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат нь их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хил дээр саатуулагдсан байдаг. Гэсэн ч хилээр гарч улмаар Авлигатай тэмцэх газраас С.Төмөрбатыг эх оронд нь авчрахаар хуулийн дагуу ажиллагаа явуулсаар байна. Ийнхүү Салхитын мөнгөний ордтой холбоотой ихээхэн хэмжээний хээл хахуулийн хэргийг хуулийнхан үргэлжлүүлэн шат дараатайгаар шалгасаар байгаа юм.