Татварын улмаас лацдуулсан Ч.Хоролсүрэнгийн гэх “Карго онгоц” Гааль, НӨАТ-ийн хуульд өөрчлөлт орсны дараа эзэндээ очжээ

Татварын улмаас лацдуулсан Ч.Хоролсүрэнгийн гэх “Карго онгоц” Гааль, НӨАТ-ийн хуульд өөрчлөлт орсны дараа эзэндээ очжээ

“Гаалийн татвараа төлөөгүй” гэх шалтгаанаар Монголд оруулж ирсэн карго тээврийг онгоцыг лацадсанаас болж тус онгоц нислэг үйлдэж чадахгүй Хөшигийн хөндий дахь нисэх буудал дээр “зэврээд” зогсож гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байв. Харин тус онгоц нь МИАТ компанийн асуудал эрхэлсэн дарга асан Ч.Хоролсүрэнгийн хамаарал бүхий “Монголиан Эйр Транспорт групп”-ын “Монголиан-Эйрлайнс Карго” байгууллагын нэр дээр бүртгэлтэй онгоц болох талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Мөн онгоцыг анх иргэний тээврийн зориулалтаар оруулж ирж татвараас чөлөөлүүлээд, удалгүй БНХАУ-ын Бээжин хотод аваачиж зориулалтыг нь өөрчилж, ачаа тээврийнх болгосон нь татварын маргаан үүсэх шалтгаан болсон. Учир нь Монголд иргэний тээврийн онгоц оруулж ирэхэд татваргүй, харин ачаа тээвэр хийх онгоц оруулж ирэхэд татвар төлдөг гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Товчхондоо, дээрх онгоцыг анх иргэний тээвэр хийх зориулалттай хэмээн оруулж ирж татвараас чөлөөлөгдөөд, дараа нь ачаа тээврийнх болгосон байж болзошгүй байгаа юм. Тэгвэл гаалийн татварын маргаан нь шүүхийн хэмжээнд хүртлээ өндрийг аваад байсан тус онгоцыг саяхан компани нь авч, тун удахгүй нислэг үйлдэхээр болжээ.

Монголиан-Эйрлайнс Карго компанийг эзэмшигч Ч.Бямбадоржийн хүү Б.Маргад тус компанийг удирдаж байна

-Б.МАРГАД, “ӨНӨӨ КАРГО ОНГОЦОО АВСАН. УДАХГҮЙ НИСЭЖ ЭХЭЛНЭ”-

Энэ талаар лацдуулсан онгоцны мэдээллийг олон нийтэд анх хүргэж байсан, тус компанийн төлөөлөл Б.Маргад 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өөрийн цахим хуудастаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр “Жилийн сүүлийн улиралд л жаахан ажил хийх шив дээ... Аа нээрээ өнөө карго онгоцоо авсан ш дээ, удахгүй нисч эхэлнээ...” хэмээн нийтэлжээ.

Нэг үгээр хэлбэл, Ч.Хоролсүрэнгийн хамаарал бүхий компаний оруулж ирсэн дээрх онгоцны гаалийн татварын маргаан шийдэгдсэн гэсэн үг. Харин энэхүү маргаан хэрхэн, яаж эцэслэгдэж, онгоц эзэндээ очив гэдэг анхаарал татаж байгаа юм.

-“НӨАТ БОЛОН ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, АГААРЫН ХӨЛГИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨВ-

Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан.

Тус хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж батлагдсанаар агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүрдсэн байгаа юм.

Товчхондоо, эдгээр хуулийн өөрчлөлтөөр дээр хэл ам дагуулж, олны анхаарал татаад байсан онгоц татвар, хураамжаас бүрэн чөлөөлөгдөж, эзэндээ очсон бололтой. Шинэ оны өмнөхөн шуурхайлан баталсан хуулийн цаана магадгүй МИАТ компанийн асуудал эрхэлсэн дарга асан Ч.Хоролсүрэн байсныг үгүйсгэхгүй. Зам тээврийн сайд Л.Халтар 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тус хуулийг өргөн барьж, 12 хоёрдугаар сарын 30-ны өдөр эцэслэн баталсан байдаг. Ингээд тус онгоцыг 12 хоёрдугаар сарын 31-ний өдөр компани нь авах болсон тухайгаа мэдээлсэн нь ийнхүү хардлага төрүүлж буй юм. 

-ЛАЦДУУЛСАН ОНГОЦОО ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРСОНЫ ДАРАА АВСАН Ч.ХОРОЛСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ-

МИАТ компанийн асуудал эрхэлсэн дарга асан Ч.Хоролсүрэн нь МИАТ-д ажиллаж, удирдлагын түвшинд хүртэл ахиж, дэвшсэн нэгэн. Улмаар Монголын анхны агаарын ачаа тээврийн бизнесээ эхлүүлсэн гэдэг. Гэхдээ сүүлд “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж шүүхээс 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Түүнийг агаарын тээврийн салбарт орон зайгаа хэдийнэ тогтоосон нэгэн гэлцдэг.

Тухайлбал, Ч.Хоролсүрэнгийн “Монголиан Эйрвейс” ХХК-ийн АТ-030 гэрчилгээтэй онгоц зорчигч, ачаа тээвэр, захиалгат нислэг, дадлага, сургалтын нислэг, эрэн хайх авран хамгаалах, эмнэлгийн түргэн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг бол  АТ-028 дугаар гэрчилгээтэй хөлөг нь ачаа тээвэр, тусгай нислэг үйлддэг байна. Мөн “Монголиан Эйрвейс” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн бүртгэлд B737-300SF-2ш, AS 350B3-2ш, Schweizer 269C-1-1ш, EC145-1ш хэмээн бүртгүүлжээ. Түүнчлэн тус компани нь ИНЕГ болон Эрдэнэс таван толгойн тендерт шалгарсан мэдээлэл цахим сүлжээнд бүртгэлтэй байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.