Гадаад худалдааны асуудлаар Б.Батцэцэг сайдад асуулга тавьжээ

Гадаад худалдааны асуудлаар Б.Батцэцэг сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт гадаад худалдааг эрчимжүүлэх асуудлаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт хандан асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа “Гадаад худалдаа бол улсын эдийн засгийн цусны эргэлт. Энэ эргэлт царцанги , зогсонги байдлаас болж өнөөдөр улсын эдийн засгийн өсөлт удааширч, иргэд үнийн өсөлтөд дарлуулж байна.

Монгол улс гадаад худалдаагаа эрчимжүүлэхгүйгээр дотоодын үйлдвэрлэгчид, бизнес хувийн хэвшлийнхэн хөгжихгүй, нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн үйлдвэрлэл бий болохгүй. Эрдэс баялгаа түүхийгээр нь экспортолж, ихэнх хэрэгцээт зүйлээ гаднаас импортолж буйгаа гадаад худалдаа хийж байна гэж эндүүрэх нь өрөөсгөл юм. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсчихээд байхад, 2016 онд худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэж орчихоод байхад яагаад эдийн засагт бодит өгөөжөө өгөхгүй байна вэ гэдэг асуулт урган гарч ирж байна.

2016 онд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, уг хэлэлцээрээр монголын тал 5700 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар тохиролцсон хэрнээ санасан хэмжээнд үр дүн гарахгүй байгаагийн цаад учир шалтгааныг бид олох ёстой.

2013 онд “Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбоо хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, Монгол Улс Европын Холбооны зах зээлд 2005 оноос “GSP+” худалдааны хөнгөлөлтийн системийн хүрээнд ихэнх бараа, бүтээгдэхүүнээ гаалийн татваргүйгээр экспортлох боломжтой болсон. Уг систем ёсоор Европын Холбоо руу 7200 орчим төрлийн бараа гаалийн татваргүйгээр гаргах боломж нээгдсэн.
Гэсэн хэдий ч Монгол улсаас экспортод гаргаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ дорвитой нэмэгдэж чадахгүй байна. Үүний цаад шалтгааныг олж тогтоохгүйгээр бид гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийн талаар ярих нь ямар ч утгагүй хоосон тунхаг болно.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Гадаад харилцааны сайд Танд хандан тавьж байна.

Үүнд:

  1. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Гадаад харилцааны сайдын эрхлэх үндсэн хүрээний ажилд гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа гадаад худалдааны бодлого, гадаад улс, олон улсын байгууллагатай хийсэн гэрээ хэлэлцээрийн явцад тавих хяналтын асуудал хамаардаг учраас гадаад худалдааг эрчимжүүлэх, хөнгөвчлөх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар;
  2. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ-ын) гишүүн болж, түүний хэлэлцээрүүдэд нэгдэн орсноор манай улсын эдийн засагт ямар үр ашиг үзүүлсэн, ямар үүрэг амлалт хүлээсэн, тарифын болон бусад хөнгөлөлтийн талаар;
  3. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр, мөн Европын Холбооны “GSP+” худалдааны хөнгөлөлтийн системд хамрагдсанаар бизнес эрхлэгчдэд ямар боломжийг олгосон, тухайлбал, хэдэн төрлийн барааг ямар татвар, тарифаар импортлох, экспортлохоор зааснаас хэдийг эдгээр нөхцөлөөр гаргаж оруулж буй, хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш улс хоорондын худалдааны эргэлт хэрхэн өссөн талаар;
  4.  Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгосон боломж, Европын Холбооноос олгож буй худалдааны хөнгөлөлттэй нөхцлийг манай бизнес эрхлэгчид бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа эсэх, дотоодын эрх зүйн зохицуулалт, бодлогын хувьд болон практикт ямар хүндрэл бэрхшээл учирч буй, тухайлбал, дотоодын бараа бүтээгдэхүүнийг японы болон европын зах зээлд экспортлоход ямар саад бэрхшээлтэй тулгарч байгаа, эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар;
  5.  Монгол Улс цаашид аль улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа, АНУ болон өндөр хөгжилтэй бусад орон руу ямар бараа экспортлох талаар яриа хэлэлцээ хийж буй эсэх, аливаа улстай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, хэлэлцээ хийх чадавх, дотоодын механизм хангалттай хэмжээнд бүрдсэн эсэх, цаашид анхаарах асуудлын талаар;
  6. БНХАУ, ОХУ болон бусад гуравдагч орны зах зээлд уул уурхайн бус хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн тухайлбал, малын гаралтай боловсруулсан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хийгдэж байгаа тодорхой ажил бий эсэх талаар;
  7. Засгийн газраас бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцад нэгдэх асуудлаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар;
  8.  Монгол Улсын гаалийн татвар 5 хувь байхад хөрш орнууд 20-40 хувийн гаалийн татвартай байгаа нь хөрш орнуудын зах зээлд бүтээгдэхүүн экспортлоход хүндрэл учруулж буй асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх талаар тодорхой хариулт бэлдэж ирүүлнэ үү.

Энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүсье гэсэн байна.