ЗАСГИЙН ГАЗАР: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг ирэх хавраас эхлүүлнэ

ЗАСГИЙН ГАЗАР: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг ирэх хавраас эхлүүлнэ

Засгийн газрын хуралдаан өглөө 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа аж. Өнөөдрийн хуралдаанаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан бичил уурхайнуудыг хамгаалалтад авах нөхөн сэргээлтийг хуулийн дагуу хийлгэхийн тулд аймаг, орон нутгийн засаг дарга нартай хамтран ажиллах, хууль бусаар эрх олгосон бичил уурхайн үйл ажиллагааг цуцлах зэрэг шийдвэрийн талаар ярьсан байна.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бичил, уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг шалгана. Энэ хүрээнд аймаг, нийслэл, орон нутгийн засаг дарга нартай хамтран ажиллана. Бичил уурхайн хүрээнд хууль бусаар алт олборлосон газруудад нөхөн сэргээлт хийж буй ажил үргэлжилж байна. Бичил уурхайн дүгнэлтгүй талбайд ашигт малтмал олборлож буй газруудад ЦЕГ, МХЕГ-аас байнгын хяналт тавьж ажиллахаар болжээ. Цаашид бичил уурхайд хууль ажиллагсдын судалгааг нарийвчлан гаргах юм байна. Энэ хүрээнд аймаг, нийслэл, сум орон нутгийн засаг дарга нарыг нэгдсэн удирдамжаар удирдаж ажиллана” гэсэн юм.

БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт гэнэтийн шалгалт хийгээд өчигдөр иржээ. Шалгалтаар компаниуд нөхөн сэргээлт хийж байгаа эсэхийг шалгажээ. Цаашид алт олборлочихоод сураггүй алга болсон хүмүүсийг эрж, хайж нөхөн сэргээлт хийлгэх хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ. Одоогийн байдлаар ашиглалтын бүх лицензийг шалгаж байгаа аж. Үргэлжлүүлэн хайгуулын лицензийг шалгах ажил үргэлжлэх юм байна. Мөн экологийн цагдааг ажиллуулахаар болжээ.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих 28 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Ирэх хавар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр болжээ. Уг ажил 3-4 жилд хийгдэж дуусах юм байна. Одоогоор тус ажлын судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдэж дуусчээ. Хэрвээ уг цахилгаан станц баригдвал баруун аймгууд дахь үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэнэ. Мөн одоо өндөр үнээр авч буй цахилгааны өртөг зардал нь буурна гэж салбарынхан дүгнэж байгаа юм байна. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шийдвэрийг гаргаж УИХ-д өргөн барихаар болжээ.