Г.Отгонтамир: Байнга осол гарч, хүний амь эрсддэг “Зунжин”, “Салхит" зэрэг замаар иргэд гарахдаа “ШАР ДАРЦАГ” барьж хэвших шаардлагатай байна

Г.Отгонтамир: Байнга осол гарч, хүний амь эрсддэг “Зунжин”, “Салхит" зэрэг замаар иргэд гарахдаа “ШАР ДАРЦАГ” барьж хэвших шаардлагатай байна

Осол, аваар давтамжтайгаар байнга гардаг замыг цагдаагийн байгууллага “хар цэг” гэж нэрлэдэг. Нийслэлд энэ төрлийн “хар цэг” цөөнгүй бий. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зунжин худалдааны төвөөс зуслан явах зам, Буянт-Ухаа-2, Морингийн зам гэх мэт газруудад осол, аваар ойр ойрхон гарч, эрдэнэт хүний амь нас хохирдог.

Тиймээс болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллагаас “ШАР ДАРЦАГ” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан бид шар дарцаг гэж юу болох, яаж хэрэглэдэг, жолооч болон явган зорчигч шар дарцагны тусламжтай зам тээврийн ослоос хэрхэн сэргийлэх талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.

-Өнгөрсөн оноос “Шар дарцаг” аяныг өрнүүлж эхэлсэн шүү дээ. Гэхдээ  гол төлөв сургуулийн орчинд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгжиж байсан. Харин одоо хүрээ нь илүү тэлж байгаа бололтой?

-“Шар дарцаг” аяныг 2021 оны 11 дүгээр сарын үеэс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Ирсэн дуудлага мэдээлэлд бид дүн шинжилгээ хийдэг. Ингэхэд зам тээврийн ослууд гол төлөв 18:00 цагаас хойш бүртгэгдэж байсан бөгөөд ихэвчлэн явган зорчигч автомашинд мөргүүлэх тохиолдол түгээмэл байсан. Харин шар дарцаг шөнө оройн цагт явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Эхэндээ шар дарцгийг замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, зуршил суулгахын тулд ЕБС, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байсан. Харин одоо зөвхөн сургуулийн орчин гэлтгүй иргэд үзэгдэх хүрээ хязгаарлагдмал гэрэлтүүлэггүй газраар зам хөндлөн гарахдаа ашиглаж хэвших хэрэгтэй байна. Шар дарцгийг манайхаас гадна Япон Солонгос, Европын холбооны зарим орон ашигладаг.

-Осол аваар ойр, ойрхон давтамжтай гардаг замыг “Хар цэг” гэж нэрлэдэг гэж сонсож байлаа. Нийслэлд ер нь энэ төрлийн “хар цэг” хэр их байна вэ?  

-Нийслэл хотын хэмжээнд явган зорчигч автомашины осолд өртөж байгаа нэлээн хэдэн цэг байна. Таны сая хэлсэн “хар цэг” гэдэг нь нэг газар давтамжтай байнга осол аваар гардаг газрууд юм. Одоогоор нийслэл хотод хамгийн их анхаарал татаж буй бүс бол Долоон буудлаас хойшоо Зунжин, Салхитын зам байна. Мөн Буянт-Ухаа 2, Морингийн даваа гэсэн газруудад маш олон явган зорчигч авто машинд мөргүүлж гэмтэж, харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол гарч байна. Үүнээс болж иргэд тэр хавийг “гүйдэлтэй, сүнстэй” гэж ярьдаг болсон. Тиймээс явган зорчигч иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллагаас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Шар дарцаг” аяныг хэрэгжүүлээд явж байна. 21 аймгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн тасаг тухайн сургууль, томоохон зах худалдааны төвүүдийн орчимд байх явган хүний гарцан дээр Шар дарцгийг байрлуулсан. Үр дүнгээ маш сайн өгч байгаа. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш осол аваарын болон хүн гэмтсэн дуудлага мэдээлэл 21,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Та бүхэн судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Осол, аваар давтагдаж буй гол шалтгаан нь юу юм бэ?

-Тухайн тээврийн хэрэгслээр явж байгаа жолооч явган зорчигчийг гарцаар гарч байхад нь анзаардаггүй, гэрлийн гялбааны улмаас харагдахгүй тохиолдол бий. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчдын 70-80 хувь нь хар бараан өнгийн хувцас өмсдөг. Мөн хохирогчдын дийлэнх нь залуу насныхан байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.  Үүнээс гадна манай жолооч нар тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгээ яг үндсэн зориулалтаар нь байлгадаггүй. Гэрлийнхээ тусгалыг сайжруулна гэж ледээр сольчихдог, өсгөлттэй гэрлүүд маш их тавьдаг. Магадгүй тухайн тээврийн хэрэгсэл дотор сууж яваа хүмүүст гаднах орчин сайн харагдах ч өөдөөс ирж буй жолооч гэрлийн гялбаанд орох эрсдэлтэй. Гэрлийн гялбаанд орчихсон үед нөгөө л “намайг харж байгаа даа” гэж бодож гарцаар гарч буй явган зорчигчийг жолооч харахгүй мөргөх тохиолдол гардаг. Харин шар дарцаг барьж зам гарч байгаа тохиолдолд жолооч фосфор хэсгийг нь хараад “явган зорчигч явж байна” гэж ойлгон хурдаа сааруулна. Ингэснээр болзошгүй аюулаас сэргийлэх боломжтой.

-Хүнээс шалтгаалсан бус хүчин зүйлс нөлөөлөх боломжтой юу. Тухайлбал, замын огцом эргэлт гэх мэт?

-Үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу халхлагдсан, огцом эргэлттэй, булан эргэхэд л явган хүний зам байдаг гэх мэт  газруудыг бид “хар цэг” гэж тодорхойлдог. Осол аваар гарч буй хүчин зүйлүүдэд цагдаагийн байгууллага дүн шинжилгээ хийдэг. Гарсан алдаа, дутагдлуудыг арилгуулах чиглэлээр холбогдох хуулийн заалтын дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газар буюу Улаанбаатар зам засварын газарт албан шаардлагаа хүргүүлдэг. Ингээд халтираа гулгаатай, замын тэмдэггүй, явган хүний гарцгүй, тухайн байгууллагын объект замын үзэгдэх хүрээг халхалж, хашаагаа өргөтгөсөн байна уу гэдгийг харгалзан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр шалгаж, хариуцсан байгууллагад албан мэдэгдлээ хүргүүлж ажилладаг байгаа.

-Осол аваарын тоон мэдээллийг авч үзье. Таны дээр дурдсан “хар цэг”-т өнгөрсөн онд хэчнээн осол аваар гарсан бэ?

-2021 онд 24,428 иргэн авто осолд өртсөн. Үүнээс 1095 нь явган зорчигч байна. Нийслэл хотод нийт ослын 70-80 хувь нь бүртгэгдсэн байна. Сая дурдсан Зунжин, Салхитын замд иргэд зам хөндлөн гарахдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их. Ингэхдээ ихэвчлэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авдаг. Амь насаараа хохирдог. 2021 онд энэ төрлийн замд долоон хүний амь нас хохирсон. Жолооч нар хурд хэтрүүлж байна, гэрлээ хол дээр нь тавьж байна. Гарцаар гарч байхдаа машинд мөргүүлж гэмтэж, бэртэж буй, амь нас нь хохирч буй иргэдийн дийлэнх нь хар бараан өнгийн хувцас өссөн байсан. Энэ мэт маш олон зүйлээс шалтгаалж осол болж байна.

-Нийслэлээс гадна орон нутгийн замд осол аваар их гардаг шүү дээ. Ослын шалтгаан нь дийлэнх тохиолдолд юу байна вэ?

-Манай иргэд нэг зүйлийг  сайтар анхаарах шаардлагатай. Орон нутгийн замд явахдаа жолоочид бүх зүйлээ даатгаад унтаад өгдөг. Гэтэл жолоочийг хамгийн ихээр анхаарах ёстой. Жолооч ядарч байна уу, үүрэглэж байна уу гэх мэт зүйл дээр хяналт тавих хэрэгтэй. Нөгөө талаас зорчигийн аюулгүй байдалд ч жолооч анхаарал тавьж байх ёстой. Энэ мэт бие биедээ хяналт тавьж зорчих хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ аюулгүй зорчилт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өртөөчилсөн хэлбэрээр хяналт шаардлага тавьж байна. Тухайн жолоочийг зогсоох үедээ аль болох техникийн аюулгүй байдлыг шалгадаг. Ингэхэд бүрэн бус техникийн хэрэгсэлтэй төв замын хөдөлгөөнд оролцож буй, орон нутгийг зорьж буй иргэд их байна. Яг одоогийн байдлаар зуны дөрвөн дугуйтай орон нутгийг зорьж буй автомашиныг зогсоож байна. Мөн шил арчигч нь ажилладаггүй автомашинтай хол замд гарч буй иргэд ч байна. Хэрэв цасан шуурга болбол аюултай шүү дээ. Энэ мэт маш олон бүрэн бус, аюулгүй байдлаа хангаагүй тээврийн хэрэгсэлтэй явж буй жолооч нар байна.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой хөдөө орон нутгаас нийслэлийг зорьж буй хөдөлгөөн их байна. Мөн нийслэл хотоос хөдөө орон нутаг руу хүүхдүүдээ аваад явж байгаа хүмүүс ч байна. Таны тээврийн хэрэгсэл таны хайртай гэр бүлийг аваад орон нутаг руу явахад аюулгүй байдлын шаардлага хангаж байна уу гэдгийг бодоод үзээрэй. Мөн батлагдаагүй зам маршрутаар зам дөтөлж бүү яваарай, аюулгүй байдлаа хангаж яваарай гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.