Х.Нямбаатар: Саяхан алслагдсан дүүргийн хууль зүйн туслалцааны байрыг нэг гишүүн авч, улсын өмгөөлөгчийг байргүй болгосон байсан

Х.Нямбаатар: Саяхан алслагдсан дүүргийн хууль зүйн туслалцааны байрыг нэг гишүүн авч, улсын өмгөөлөгчийг байргүй болгосон байсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд холбогдох хуулийн тухай асуулт тавилаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хуулийн долдугаар зүйлд “өмгөөлөгч суманд зургаан жил ажилласан бол 12 сартай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно, аймагт таван жил ажилласан бол зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно” гэж байна. Ингээд яваад байвал улсын төсөв “даах” юм уу. Энэ цаашлаад хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаа, прокурор гээд цувраад явна. Яагаад ийм заалт оруулаад ирж байгаа юм” гэв.

Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Х.Нямбаатар “Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог нэг субъект бол яах аргагүй өмгөөлөгч, тэр дундаа улсын өмгөөлөгчид. Өнөөдөр манай аймгуудад улсын өмгөөлөгчөөр ажиллах хүн олдохгүй байгаа. Б.Энх-Амгалан гишүүн ээ. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс өнөөдөр сая хүрэхгүй төгрөгийн цалинтай. Одоо хэд хэдэн аймаг улсын өмгөөлөгчгүй явж байгаа. Энэ улсын өмгөөлөгчийн үзүүлэх үйлчилгээ, цар хүрээг өргөтгөнө гэж бид мөрийн хөтөлбөр болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй. Ялангуяа төлбөрийн чадамжгүй, хохирогч талд өмгөөлөгч үзүүлэх ёстой. Мөн төлбөрийн чадамжгүй газар эзэмших эрхээ алдсан хүмүүст бид өмгөөлөл үзүүлэх үүрэг хүлээсэн. Улсын хэмжээнд орон тоогоор ажиллавал 70 өмгөөлөгч байгаа. 70 хүнээ ядаж хоёр сая төгрөгийн цалинтай болчихвол хөдөө орон нутагт ганц хоёр хүн тогтож ажиллах болов уу. Хэрэв улсын өмгөөлөгч байхгүй бол зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй. Нөгөө талдаа өмгөөлөгчтэй байцаалт авах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх тодорхой төрлийн хэргүүд байгаа. Өнөөдөр байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцож байгаа шүүгч, прокурорын цалингийн хэмжээг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. 

Би сая танай Говь-Алтай аймагт очсон. Гэтэл Говь-Алтай аймагт нэг өмгөөлөгч архивын байрны гадна суудаг юм байна лээ. Тэгэхээр энэ хүмүүст байр савыг нь хангаж өг, үйлчилгээ үзүүлэх конторынх нь асуудлыг шийдэж өг гэж байгаа юм. Сая нэг алслагдсан дүүрэгт хууль зүйн туслалцааны байрыг нэг гишүүн нь аваад УИХ-ын гишүүний төлөөлөгчийн газар болгоод улсын өмгөөлөгчийг байргүй болгосон жишээнүүд ч байгаа. Тэгэхээр бид улсын өмгөөлөгчийн цаад агуулга, мөн чанарыг гишүүдэд ойлгуулахыг хичээж ажиллана” гэв.