Э.Чойдог гуайн “ноот”-ыг хадгалж чадаагүй тул Германаас олж авсан, Н.Жанцанноровын “ноот”-ыг хаанаас хайх вэ

Э.Чойдог гуайн “ноот”-ыг хадгалж чадаагүй тул Германаас олж авсан, Н.Жанцанноровын “ноот”-ыг хаанаас хайх вэ

Хөгжим эгшиглэдэггүй газар хаа ч байхгүй. Утга уянгагүйгээр хорвоог туулахын ч аргагүй. Агуу их Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн нараасаа улбаалаад алдар суут Х.Билэгжаргал, Б.Шарав, Н.Жанцанноров, З.Хангалынхаа бүтээн туурвисанд умбан, шумбан Монголын хөгжмийн ертөнц уянгалж байгаа.

Тэдэнтэй, тэдний дээд үетэй мөр зэрэгцэн бүтээн туурвисан олон авьяаслаг хөгжмийн зохиолчоо үгүйсгээгүй юм шүү. Төлөөлүүлэн дурдсан эдгээр эрхмүүд болон үе тэнгийнхнийх нь бүтээн туурвисан охь шимээр бид бахархаж “Хэнтийн өндөр ууланд” аялж, “Ламбугай нулимс”-ыг арчиж, “Учиртай гурван толгой”-г үзэж, “Монголын сайхан орон”-оороо аялдаг. Монголын хөгжмийн урлагийн үсрэнгүй хөгжлийн он жилүүдийг залгаад техник технологийн эрин зуунд бид амьдарч буй ч суутнуудынхаа бүтээлийг хамгаалж, хадгалж, өвлүүлэх талдаа дэндүү назгай, сэтгэлгүй, бухимдал төрүүлэм байгаа шившигтэй түүхээ эндээс эхэлье.

-ГЕРМАНЧУУД “МОНГОЛЫН САЙХАН ОРОН”-ЫГ 55 ЖИЛ НЯМБАЙЛАН ХАДГАЛЖЭЭ-

Таван жилийн өмнө бид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг Герман /ХБНГУ/-ы талаас хүлээж авч, Засгийн газар маань “буянтай сайхан ажил” хийснээ бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, удирдаач нар баярлан хүлээж авсан удаатай. Угтаа Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 1961 онд зохиогдсон энэ бүтээлийн эх хувийг германчууд нямбайлан хадгалж байгаад асуугаад холбогдсон үед нь хүндэтгэлтэйгээр эргүүлэн өгсөн нь энэ аж. Тухайн үед Монголд сонгодог урлаг шинэ тутам хөгжиж байсан учраас Германы "ДЕФА" кино үйлдвэртэй хамтран бүтээсэн “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг тус улсад очиж бичүүлсэн байдаг.  

Бүхэл бүтэн 55 жилийн дараа эх орондоо эргэж ирсэн нэгэн бүтээлийн түүх ийм.  

Энэ тухай “Саунд Оф Монголиа” ХХК-ийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн “ОХУ болон хуучин БНАГУ-ын архиваас нийтдээ дөрвөн зохиолын ноотыг Монголдоо авчирсан. Сүүлд Улсын Филармонийн хамт олны хүсэлтийг биелүүлсэн. Бид хадгалж хамгаалаагүй байхад гаднынхан хайрлаад хамгаалаад хадгалчихсан л байдаг” хэмээн бичсэн байсан.

-Н.ЖАНЦАННОРОВ: МИНИЙ НЭГДҮГЭЭР СИМФОНИЙ НООТ ФИЛАРМОНИД БАЙСАН НЬ АЛГА БОЛЧИХОЖ-

Тэгвэл эсрэгцүүлж тавих аймшигтай жишээг одоо уншигч танд зүрхлэн дуулгая. Н.Жанцанноров,“Миний нэгдүгээр симфони 1979 онд тоглогдоод филармонид ноот нь байсан алга болсон байна лээ.Авсан хүн эргүүлж өгнө үү? Шагналтай. 1990 оноос өмнөх манай бүх киноны хөгжмийн эх хувь кино үйлдвэрт байсан алга болсон байна лээ.Эрж хайцгаана уу” хэмээжээ.

Мөн тэрээр, “Мандухай хатан киноны хөгжмийг 2018 онд сэргээж тоглоход гэртээ байсан харандаагаар бичсэн миний дирекционы нооргийг ятгач А.Жамбалсүрэн бичлэг сонсож удирдвар /партитура/хийж өөрөө дахин хянах мэтээр 2-3 сар сууж нэг юм тоглосон гунигтай түүх. “Гарьд магнай”, “Тод магнай”,“Цэц магнай” кинонуудаас ганц ганцхан сэдвийг киногоо үзэж сонсож байж босгосон болсон. Ихэнх хөгжим нь дуу шуумтай давхар болохоор сэргээх боломжгүй болдог юм билээ” гэжээ. Хачирхалтай нь, зохиолч нь өөрийнхөө бүтээлийг хайгаад олохгүй байна гэхээр эмгэнэл биш гэж үү.

-МОНГОЛД ХАЙГААД ОЛООГҮЙ ЗОХИОЛЫГ ӨВӨРМОНГОЛЧУУД ХЭВЛЭЧИХСЭН БАЙСАН-

Дэлхийн өөр ямар ч оронд ийм эмгэнэл байхгүй болов уу. Тэд бүтээж туурвиснаа хамгаалж мэддэг болохоор технологийн боломжит шийдэл гарах бүрд шинэчлэн хадгалж, түгээн дэлгэрүүлдэг. Хувилах машингүй байсан 1990 оны Монгол орныг хэдий болтол ярих билээ. Ардчилсан хувьсгал аль эрт 30 оноо тэмдэглэж, бидэнтэй зэрэг шахуу эрх чөлөөнд хүрсэн улсууд үсрэнгүй хөгжөөд хол харайчихлаа.

Тодруулбал, удирдаач Б.Лхагвасүрэн “Өөр маш олон ноот эх хувиараа алга болж байна. З.Хангалын Морин хуурын концертын ноот алга болоод Монгол Улсад олдохгүй байхад Өвөрмонголд хэвлээд гаргачихсан байсныг нь би олж авч байсан” гэсэн юм.

Учир нь тэдгээр эрхмүүд “Манайд ноотны архив бий” гэж өрвөлзөнө. Тэгвэл

  • Тэр бүх ноот яагаад нийтэд хүртээлтэй биш, нэг ч хөгжимчин дураараа нээгээд үзчих боломжгүй, хав дарагдаж байгаа юм бэ гэсэн асуулт гарна.
  • Мөн цаасан дээрх гар бичмэл хэр удаан хадгалагдах бол
  • П.И.Чайковскийн ноотыг хайгаад явдаг билүү, Л.Бетховенийг бас хэн нэгэн нь хав дараад харамлаад байдаг уу

Хөгжмийн зохиолчид бол олны сэтгэлийг хөглөх гэж бүтээн туурвидаг хүмүүс.  Хармын сэтгэлгүй учраас цор ганц хувилбараа хүртэл бүрэн итгээд мэргэжлийн урлагийн байгууллагуудад нь үлдээдэг байж таарна. Үнэ цэнэтэй бүхнийг нь авч үлдчихээд хамгаалахгүй, түгээн дэлгэрүүлэхгүй авдартаа нууж булшлах эрх аль ч газрын эрхэм мяндагтанд үгүй.

-УЛСЫН САНД БҮТЭЭЛ ХУДАЛДАЛДАН АВДАГ Ч “БУЛШИЛЧИХДАГ” ГЭМТЭЙ-

Соёлын бодлого алдагдсан бараан он жилүүдэд Соёлын яамыг цэг тавина гэж бас итгэж байгаа.Бүтээлээ тэр бүр эгшиглүүлэх боломж тохиохгүй болохоор бүх л хөгжмийн зохиолч “Алтан намар” наадмыг талархан хүлээдэг. Харин дараа нь тэндээс шилж сонгосон бүтээлүүд улсын санд очиж хадгалагддаг гэдэг. Тус бүрийг нь 10-50 сая төгрөгөөр үнэлэн авах жишиг үнэ бий бөгөөд үүний 15 хувь нь тус бүтээлийг цахимжуулж, түгээн дэлгэрүүлэхэд зарцуулагдагдах дүрэм, журамтай аж.

40-өөд жилийн түүхтэй “Алтан намар”, шилдэг бүтээл шалгаруулан Улсын санд худалдан авдаг болсноос хойш хөгжмийн бүтээлийн “оршуулга” хийснээс “төрсөн өдөр” хийсэн удаагүйг ч салбарынхан нь шүүмжилсээр л байгаа аж. Хүнд сонсгохгүй л юм бол худалдаж авах хэрэг байна уу, Хөгжимчдөөрөө тоглуулахгүй юм бол зохиож, бүтээх хэрэг бий юү, Энэ бол оюуны хулгай, өнгөрсөн, одоо, ирээдүйгээсээ хулгайлж байгаа сувдаг луйвар биш үү.