Цагаан сарын барилдааныг үзэгчгүй зохион байгуулж, бөхчүүдийг III тундаа хамрагдсан байхыг ШААРДАНА гэв

Цагаан сарын барилдааныг үзэгчгүй зохион байгуулж, бөхчүүдийг III тундаа хамрагдсан байхыг ШААРДАНА гэв

Шадар сайд С.Амарсайхан “Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлаад сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулна. Иргэдийг бөхөө үзээд гэртээ байхыг уриалж байна. Вакцинаа хийлгэсэн, шинжилгээгээ өгсөн бөхчүүдийг зохион байгуулалттайгаар барилдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж мэдэгдсэн билээ.

-БӨХЧҮҮД III ТУНД ХАМРАГДАЖ, ПИ СИ АР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

Түүний энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Улсын онцгой комисс /УОК/-оос Цагаан сарын бөхийн барилдааныг зохион байгуулахдаа халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн барих нь анхаарал татаж буй юм. Энэ талаар Улсын онцгой комиссын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа. Тэрбээр “Цагаан сарын барилдааны зохион байгуулалттай холбоотойгоор биднээс санал аваагүй. Гэхдээ маргааш, нөгөөдрөөс Улсын онцгой комисс хуралдах товтой байна. Уг хурлаар Цагаан сарын бөхийг хэлэлцэх болов уу.

Эрдэмтдийн зөвлөлийн хувьд Цагаан сарын барилдааныг үзэгчгүй зохион байгуулах саналыг гаргана.

Хүлээж авах эсэхийг Улсын онцгой комисс хуралдаж шийдвэрлэнэ. Харин бөхчүүдийг вакцины III тунд хамрагдсан мөн Пи Си Ар шинжилгээнд хамрагдсан байхыг шаардана. С.Амарсайхан сайдын хэлдэг зөв. Улсын онцгой комисс бөхийн барилдааны зохион байгуулалтад оролцохгүй бол халдвар, хамгааллын хувьд алдагдах эрсдэлтэй” гэлээ.

Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн битүүний өдөр 12 хоногийн дараа буюу ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр болно. Энэ жилийн хувьд Цагаан сарын барилдаантай ч халдвар хамгааллын өндөр дэглэм дор зохион байгуулах нь. Мөн халдварын тоо буурахгүй бол иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож магадгүй гэх мэдээлэл байгаа юм.