"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд өрсөлдөх А.Энхтуул, Б.Ачбадрах гэж хэн бэ

"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд өрсөлдөх А.Энхтуул, Б.Ачбадрах гэж хэн бэ

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам нь хоёрдугаар сарын 4-20-нд болно. Тус олимпын наадамд өрсөлдөх эрх авсан Монгол Улсын тамирчин А.Энхтуул, Б.Ачбадрах нарын талаарх мэдээллийг хүргэж байна. 
 
"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд өрсөлдөх эрх авсан А.Энхтуул гэж хэн бэ
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Ариунсанаагийн Энхтуул 1996 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр төржээ. Тэрбээр 2015, 2016 онд Васалофит олон улсын марафон уралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээр байр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр, Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ын зайд дөрөвдүгээр байр эзэлсэн. ОУХМ цолтой нэгэн юм. 
 
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021 оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлж, эрхээ авсан байна.
"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд өрсөлдөх эрх авсан Б.Ачбадрах гэж хэн бэ?
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Батмөнхийн Ачбадрах нь 1994 оны арванхоёрдугаар сарын 21-нд төрсөн. Тэрбээр УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай. 
 
2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль, ДАШТ-д дөрвөн удаа оролцсон байна. 2014 онд спортын мастер, 2015 онд ОУХМ, 2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль хүртжээ. 
 
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авсан байна. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.