НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх ОХУ, АНУ-ын элч төлөөлөгчид өнгөрөгч шөнө Украины асуудлаар хуралдах үеэр ширүүн маргаан өрнүүлсэн талаар CNN мэдээллээ.
Хуралдааны үеэр ОХУ-ын Элчин сайд Василий Небензя "ОХУ Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэсэн нотлох баримт байхгүй. Мөн цэргээ нэмэгдүүлж байгааг НҮБ-аас батлаагүй байна. Манай улс өөрийн нутаг дэвсгэрт цэргүүдээ байрлуулж, бэлтгэл сургуулилт хийлгэсээр ирсэн. Энэ бол АНУ-ын асуудал биш. АНУ асуудалд хөндлөнгөөс оролцож нөхцөл байдлыг улам хурцатгаж байна” гэжээ.
Хариуд нь АНУ-ын Элчин сайд Томас-Гринфилд “Энэ бол Европт сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй хамгийн том дайчилгаа юм. АНУ дипломат аргаар шийдэлд хүрнэ гэдэгт итгэсээр байгаа ч Орос Украин руу довтлох юм бол бид эрс шийдэмгий арга хэмжээ авна. Үүний үр дагавар нь "аймшигтай" байх болно" гэж анхааруулсан байна.
Гэвч Украины асуудлыг талууд аль болох дипломат аргаар шийдэхийг оролдож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Украины асуудлаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьсан байна. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой өнөөдөр хэлэлцээ хийнэ. Үүнээс гадна Украины хямралыг намжаах зорилготой АНУ-ын саналд Оросоос бичгээр хариу ирсэн талаар мөн тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN