БИДНИЙ ТУХАЙ: Хятад улс Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд "боомтуудын хэвийн ажиллагааг хангана" гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: Хятад улс Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд "боомтуудын хэвийн ажиллагааг хангана" гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн Бямба гараг /2022.02.05/-т тус улсын Ерөнхий сайд Ли Кэчянтай уулзсан. Тэгвэл тус уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян манай улстай дэд бүтэц хийгээд цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахаа амлажээ. Энэ талаар БНХАУ-ын төрийн мэдлийн хэвлэл болох “Gov.cn” сайтад мэдээлснийг орчуулан хүргэе.

 -ЕРӨНХИЙ САЙД ЛИ КЭЧЯН МОНГОЛ УЛСТАЙ ДЭД БҮТЭЦ, ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРИЙЛЭХ ЧИГЛЭЛД ХАМТЫН АЖИЛЛАГААГАА АХИУЛАХАА АМЛАВ-

“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор ирсэн Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайд Ли Кэчян хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ли Кэчян Монгол Улстай дэд бүтэц, цаашлаад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд илүү нягт хамтран ажиллахаа амлав.

Ли Кэчян “Монгол, Хятад хоёр улс бол сайн хөрш, найз нөхөд бөгөөд Хятад улс хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд боомтуудын хэвийн ажиллагааг хангахыг чухалчилна” гэлээ.

Мөн тэрбээр хоёр орны төмөр зам, хурдны зам, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулж, зах зээлийн зарчим, бизнесийн дүрэм журмын дагуу найрамдалтайгаар хамтран ажиллахаа амлаж, цар тахалтай тэмцэхэд Хятад улс Монголд чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно гэдгийг онцлов.

Харин Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ цар тахлын эсрэг дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, Хятад улсыг хилийн боомтуудыг нээлттэй байлгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр хоёр улс хөгжлийн стратегиа сайтар уялдуулж, эрчим хүч, уул уурхай, тээврийн дэд бүтэц, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг санал болгосон байна. Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Gov.cn