ОХУ Украин руу довтлоход шаардагдах цэргийн хүчнийхээ 70 орчим хувийг бүрдүүлсэн хэмээн АНУ-ын өндөр албан тушаалтнууд мэдээлжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжуудын “Ройтерс” агентлагт өгсөн мэдээллээр “ОХУ энэ сарын 15-аас гуравдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд байлдааны зориулалттай илүү хүнд техникүүдийг Украины хил дээр авчрахаар төлөвлөж байгаа” аж.
Уг мэдээллийн дараа албаныхан “Хэрэв ОХУ, Украин руу халдан довтолбол 50 мянган энгийн иргэний амь нас үрэгдэж болзошгүйг анхааруулсан байна. Мөн дайн эхэлбэл Украины нийслэл Киев хэдхэн хоногийн дотор балгас болж, олон сая хүн дүрвэж болзошгүй. Ингэснээр Европт дүрвэгсдийн хямрал үүснэ” гэсэн мэдээллийг өгчээ. Гэвч мэдээлэл өгсөн албаныхан баримт ирүүлээгүй байна. Тэдний хэлсэн зүйлс тагнуулын мэдээлэлд үндэслэсэн учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй гэжээ.
ОХУ Украины хилийн ойролцоо 100 мянга гаруй цэргээ төвлөрүүлээд буй. Гэвч тус улсын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй өндөр албан тушаалтнууд “энэ бол ердийн цэргийн сургуулилт бөгөөд бид Украин руу дайрахгүй” гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа юм.
Харин АНУ болон холбоотон орнууд сэрэмжлүүлэг өгсөөр байна. АНУ хоёр долоо хоногийн өмнө 3 мянга гаруй цэргээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн бол НАТО бүс нутаг дахь аюулгүй байдлаа хангах зорилгоор Польшид цэргүүдээ байрлуулахаар илгээжээ. Цэргийн хүчний эхний хэсэг өнгөрөгч бямба гарагт тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Ржешов хотод газардсан байна. Мөн Байдены засаг захиргаа Зүүн Европ руу 3 мянга орчим цэрэг илгээхээ хэд хоногийн өмнө зарласан юм.
Russia could invade Ukraine within days or weeks, but could still opt for a diplomatic path forward, White House national security adviser Jake Sullivan said https://t.co/VXRsfw9mZf pic.twitter.com/EBhDrxQYi3
— Reuters (@Reuters) February 6, 2022
Оросууд Украины өмнөд Крымын хойгийг өөртөө нэгтгэж, Донбассын зүүн хэсэгт цуст бослогыг дэмжсэнээс хойш бараг найман жилийн дараа тус бүс нутагт дахин хурцадмал байдал үүсээд байна.
Эх сурвалж: BBC