БНХАУ-ын алдарт теннисчин Пэн Шуай өнгөрсөн онд өөрийг нь тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хүчээр бэлгийн харьцаанд орохыг албадсан талаар “Weibo” сүлжээнд нийтэлж дуулиан тарьж байсан билээ.
Уг нийтлэлийнхээ дараа тэрбээр хэдэн хоногийн турш сураггүй алга болж байв. Улмаар ойр дотнынхон болон фенүүд нь түүний аюулгүй байдалд санаа зовж эхэлсэн байдаг. Гэвч төд удалгүй тэрбээр Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай видео дуудлага хийж, өөрийгөө эсэн мэнд байгаагаа мэдэгдсэн юм. Мөн өмнө нь “Weibo” сүлжээнд бичсэн бүхнээ үгүйсгэж, “хэн нэгэн намайг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж би хэзээ ч хэлж байгаагүй” гэжээ.
Тэгвэл алдарт теннисчин бүсгүй уг дуулианы дараа барууны хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө мөн л бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаараа няцаасан байна. Тэрбээр Францын L'Equipe сонинд өгсөн ярилцлагадаа хэвийн амьдарч байгаагаа хэлж, “мэргэжлийн теннисний спортод эргэн ирэх магадлал бага байгаа” хэмээжээ. Нас явж, олон удаагийн хагалгаанд орсон зэрэг нь үүнд нөлөөлсөн хэмээн тэр хэлсэн байна.
Эх сурвалж: BBC