АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Германы канцлер Олаф Шольц нар өнгөрсөн шөнө Вашингтонд уулзаж, хэлэлцээ хийлээ. Хоёр орны удирдагчид уулзалт дууссаны дараа хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр Жо Байденаас ОХУ-аас Германд нийлүүлэх “Хойд урсгал-2” хийн хоолойн талаар асуухад тэрбээр “Хэрэв Орос Украин руу довтолбол хийн хоолойн төслийг зогсоохоо амлаж байна” гэжээ. Канцлер Олаф Шольц ч мөн АНУ-тай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлж, “Бид ч мөн адил алхмуудыг хийх болно” гэсэн байна.
1,225 км урттай “Nord Stream 2” хийн хоолойг барихад таван жил зарцуулсан бөгөөд нийт 11 тэрбум долларын өртөгтэй. Уг төсөл хэрэгжсэнээр Балтийн тэнгисийн доогуур ОХУ-аас Германд нийлүүлэх хийн хэмжээг хоёр дахин нэмэгдэх юм.
ОХУ Украин руу довтлохоор бэлтгэж байгаа талаарх анхааруулгыг АНУ тэргүүтэй томоохон гүрнүүд өдөр бүр л өгсөөр байна. АНУ-ын албаны эх сурвалжууд өнгөрөгч ням гарагт ОХУ бүрэн дайралтад шаардлагатай цэргийн хүчнийхээ 70 гаруй хувийг төвлөрүүлээд байна гэж мэдэгдсэн. Гэсэн ч ОХУ уг мэдээллийг үгүйсгэж энэ бол энгийн цэргийн сургуулилт гэсэн байр суурийг илэрхийлж байна.
ОХУ-ын зүгээс Украиныг НАТО-д элсүүлэхийг хориглож, зүүн Европ дахь цэргийнхээ тоог цөөлөхийг шаардсан. Харин НАТО тэдний шаардлагыг няцааж, үүний оронд цөмийн зэвсгийг хязгаарлах зэрэг бусад чиглэлээр яриа хэлэлцээ хийхийг санал болгосон юм.
Эх сурвалж: BBC