БАРИМТ: У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ахыгаа сайд болуут, тендерт ялж байжээ

БАРИМТ: У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр ахыгаа сайд болуут, тендерт ялж байжээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдож, тамга тэмдэгээ гардаж байв. Гэтэл үүнээс арав хоногийн дараа буюу 2017 оны аравдугаар сарын 13-ний өдөр Ерөнхий сайдын дүү У.Давхарбаяр найзынхаа компанийн нэр дээр “УБЦТС” ТӨХК-д тендерт оролцох тухай мэдэгдэл явуулж, улмаар тендерт ялж байжээ.

Хэрэг явдлыг тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдөр “УБЦТС” ТӨХК-иас “Вакуум таслуур бүхий реклоузер”-ыг нийлүүлэх тендер зарласан байна. Харин 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр “Тэнгэр суудал” ХХК-ийн Ерөнхий захирал У.Давхарбаяр /Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү/ тус тендерт оролцож “Вакуум таслуур бүхий реклоузер”-ыг 78,8 сая төгрөгөөр нийлүүлэх хүсэлтэй байгаагаа албан бичгээр мэдэгдсэн аж.

“Тэнгэр суудал” ХХК-ийн Ерөнхий захирал У.Давхарбаяр гэсэн хаягаар “УБЦТС” ТӨХК-ийн тендерийг авах мэдэгдлийн дагуу “Тэнгэр суудал” ХХК тендерт шалгарч чадсан баримтыг дэлгэж байна.

Энэхүү “Тэнгэр суудал” ХХК-ийн Ерөнхий захирал У.Давхарбаярын нэр бүхий гарын үсэг, тамга тэмдэг зурагддаг боловч Улсын бүртгэлд тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, захирлаар Намсрайжавын Гантулга гэх нэрээр бүртгэгдсэн байдаг. “Уул уурхай тээвэр эрхлэгчдийн холбоо” гэх байгууллагын захирлаар мөн Намсрайжавын Гантулгын нэр нь бүртгэлтэй ч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэгээр Ухнаагийн Давхарбаяр гэх нэр багтсаныг харж болно.

У.Давхарбаяр зөвхөн Намсрайжавын Гантулгатай хамтарч компани эзэмшдэг юм биш. ЖДҮХС-ийн зээлийн асуудалд холбогдож дуулиан дэгдээсэн “Жаргалант трейд” РД 2101122,“Жаргалант трейд групп” ХХК РД 4395344 зэргийг Чогсомын Батмагнайтай хамтран эзэмшдэг ажээ.

Ах У.Хүрэлсүх нь уул уурхайтай тэмцэж энд тэнд машин, техникүүдийг хурааж журамлан сүрийг үзүүлж яваа нэгэн. Гэтэл дүү нь “Уул уурхайн тээвэр эрхлэгчдийн холбоо”-ны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч юм.