Э.Амарсанаа: Шүүх банкнаас олгох зээлтэй холбоотой 3582 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн

Э.Амарсанаа: Шүүх банкнаас олгох зээлтэй холбоотой 3582 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн

Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа "Шүүх өмнөх онд 89089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12068, иргэний 45444, захиргааны 1764 хэргийг хянан шийдвэрлэжээ. 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2,354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан. Захиргааны хэрэг 15.7, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан дүнтэй гарчээ.

2021 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оноос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна" гэлээ.

Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан иргэн, захиргааны хэрэг болон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоо, шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэв.  Тэрбээр "Иргэний хэрэг өмнөх онд 14.4 хувиар буурсан байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэж буй хэргийн 5.6 хувийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 62.3 хувийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. Иргэний хуулиар шийдвэрлэж байгаа маргааны дийлэнх хувийг гэрээ, үүрэгтэй холбоотой маргаан эзэлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж буй маргааны дийлэнх хувийг ажилласан жил тогтоосон маргаан эзэлж байгаа юм. 

Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэж буй маргаан 0.9 хувиар буурсан ч гэрлэлт цуцлуулсан маргаан 3.6 хувиар өссөн байна. Иргэний хэрэг маргаан 14.3 хувиар буурсан ч тайлант хугацаанд зарим хэрэг маргаан өссөн. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан 7871 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 303 хэргээр буюу 4 хувиар өссөн. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан өссөн дүнтэй байна. Тухайлбал, банкнаас олгох зээлтэй холбоотой 3582 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 22.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой 3006 хэргийг хянан шийдвэрлэсэн нь 15.2 хувиар өссөн байна. 

Тайлант хугацаанд зээлийн гэрээний маргаан 16.3 хувиар буурсан. 411 газрын маргааны хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 18.4 хувиар, төрийн албаны маргаан 33.3 хувиар өссөн. Тус маргааны 60-70 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан эзэлж байна. Шүүхээс өмнөх онд 31.2 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар төлөвлөжээ" гэлээ. 

Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг Эрүү болон зөрчлийн хэрэг, эвлэрүүлэн зуучлалын дүн мэдээг танилцууллаа. Тэрбээр "Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ тайлант хугацаанд 12,068 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,402 хэргээр буюу 10.4 хувиар  буурсан дүнтэй гарсан бол давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхүүд  2,105 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 597 хэргээр буюу 22.1 хувиар буурчээ.

Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхим тайлант хугацаанд 322 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 363 хэргээр буюу 53 хэргээр буурсан дүнтэй гарсан байгаа юм.

Анхан шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь давж заалдах шатны шүүхээр, давж заалдах шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн 15.3 хувь хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэгдсэн байна. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн ихэнх гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарсан бол хүчиндэх болон залилах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн тухайд өнгөрсөн оны мөн үед 307 хэргийг хянан шийдвэрлэж байсан бол өнгөрсөн оны тайлант хугацаанд 346 хэрэг хянан шийдвэрлэж 39 хэргээр буюу 12.7 хувиар өссөн дүнтэй гарсан байгаа юм. Харин залилах гэмт хэрэг 736 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 22 хэргээр буюу 3.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиглах 147 хэрэг хянан шийдвэрлэснийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 34 хэргээр буюу 18.8 хувиар буурсан дүнтэй байна” гэдгийг онцоллоо.