З.Батбаяр: Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ

З.Батбаяр: Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ

“Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-аас “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай болон Монгол усны нөөцийн хомсдолд орсон тухай” сэдвээр мэдээлэл хийлээ.

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ыг манай улсаас Унгар улсад суух элчин сайд асан З.Батбаяр үүсгэн байгуулжээ.

Хэвлэлийн хурлын үеэр З.Батбаяр, Дэлхийн нийт хүн амын тал нь газрын доорх уснаас уудаг. Дэлхий нийт аж үйлдвэрийн 1/3 нь газар доор усаар тэжээгдэж байна. Тэгвэл манай улсад байдал ямар байгаа танилцуулъя. Хэрэв маргааш бид газар доорх усыг авах боломжгүй болбол Говь-Алтайн Алтай хотоос бусад бүх суурин газрын унд, ахуйн хэрэглээний ус бүрэн зогсоно. Манай бүх үйлдвэрийн ажил бүрэн зогсоно” гэсэн юм.

Мөн тэрээр, Манай улсын нэг жилийн усны нөөц 608 км куб гэж тооцдог байв. Гэтэл саяхан БОАЖЯ-наас 564 км куб болж багассан талаар мэдээллээ.  Бараг 50 км кубээр багасжээ. Яагаад багасав гэхээр маш олон гол горхи ширгэсэн, мөнх цаст уулууд, мөсөн голууд хайлсан.  Гэтэл манай газар доорх ус 10 км куб байдаг.  

Нийслэлчүүд өдөрт 160 мянган метр куб ус ашигладаг. 1980-аад онд хэрэглээний дээд хязгаарыг 220 мянган куб метр байна гэж заасан. Гэтэл одоо 230 мянган м.куб ус хэрэглэж байна. УСУГ 12 мянган худгаас ус татдаг.Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна. Бид усны нөөцийн хомстолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй боллоо. Усны үнэ нэмэгдээгүй. Харин усны үйлчилгээний үнийг л нэмсэн. Бид усаа үнэгүй ашигласаар байна. Орон сууцанд амьдардаг иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг нэмэх нь зөв. Харин гэр хорооллын иргэд орон сууцанд амьдардаг иргэдээс хамаагүй бага ус ашигладаг. Уул уурхайн компаниудын усны төлбөрийг нэмэх ёстой. Хэн хамгийн их ус ашиглаж байна, тэд илүү өндөр үнэ төлөх ёстой" гэлээ.