Ирэх долоо хоногийн эхээр Өвөрхангай, Дундговь, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Ирэх долоо хоногийн эхээр Өвөрхангай, Дундговь, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Өнөөдөр /2022.02.27/ өдөр нутгийн төв хэсгээр, маргааш /2022.02.28/-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээтэй цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, маргааш өдөр  Өвөрхангай, Дундговь аймгийн хойд, Архангай, Булганы өмнөд, Төв аймгийн нутгийн баруун болон өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. 

Маргааш буюу энэ сарын 28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, 3-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-р сарын 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.