Хэнтийгээс Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобус осолджээ

Хэнтийгээс Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобус осолджээ

Энэ сарын 24-нд Хэнтий аймгийн төв Чингис хотоос Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 31-33 УНИ улсын дугаартай хоёр давхар автобус осолджээ.

Тодруулбал, “Бид Анд Нар” ХХК-ийн харьяа уг автобус Төв аймгаас Налайх орох замдаа том оврын машинтай мөргөлдсөн байна. Автобусанд нийтдээ 18 хүн зорчиж явах байсан ч автобус хөдлөхийн өмнө нэг иргэн тасалбараа буцааж, 17 хүн зорчиж явсан тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Тухайн хоёр давхар автобусыг “Бид Анд нар” ХХК нь энэ есдүгээр сараас эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын улмаас амь эрсэдсэн хүн байхгүй гэв. Харин хөлөө хугалж, мөрөө гэмтээсэн зорчигч байгаа бөгөөд зорчиж явсан иргэдэд Налайхын эмнэлэг анхан шатны тусламж үзүүлээд, Улаанбаатар хотын эмнэлэг рүү шилжүүлжээ.

Тухайн газар дээр даатгалын байгууллагын ажилчид, цагдаагийн байгууллага, автотээврийн төвийн албан хаагчид ажиллаж байна.