ХӨШИГНИЙ АРД: Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хавар хийх ч, 2024 оноос хэрэгжүүлж эхлэх хувилбарыг ярилцаж байна

ХӨШИГНИЙ АРД: Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хавар хийх ч, 2024 оноос хэрэгжүүлж эхлэх хувилбарыг ярилцаж байна

Намар, хаврын чуулган дамнан яригдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тэр дундаа “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хаврын чуулгандаа багтаан шийдвэрлэхээр тохирсон гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Ингэхдээ ирэх дөрөвдүгээр сараас ажлыг эхлүүлж, хэлэлцүүлэх, батлах үйл явцаа 5, 6 дугаар сард хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлах ч хэрэгжүүлж эхлэх хугацааг нь 2024 он гэж ярьж буй тухай мэдээлэл байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан даруйгаас дагаж, мөрдвөл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч мэдэх учраас зарим эрсдэлийг тооцсон нь энэ аж. Нөгөөтэйгүүр гуравхан жилийн өмнө МАН, АН-гүй “давхар дээл”-ийг эсэргүүцэж дуу нэгтэйгээр өөрчилсөн. Гэтэл шүлс нь ч хатаж амжаагүй байтал “давхар дээл”-гүй бол бүтэхгүй нь гэх агуулга ярьж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж буй нь мэдээж олны шүүмжлэлтэй тулгарахад хүргэнэ.

-“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭС ТАТАЖ, АН-ЫНХНААР УИХ-Д ӨРГӨН БАРИУЛНА-

Ерөөс Г.Баясгалан, Ш.Солонго тэргүүтэй Цэцийн гишүүдийн хувьд “давхар дээл”-ийг дэмжсэн агуулгыг Үндсэн хуульд оруулахыг дэмжихгүй байгаа гэх бөгөөд хугацаа нь болоогүй байхад ойр, ойрхон эцэг хуулиа өөрчилж болохгүй гэсэн байр, суурийг илэрхийлсэн гэдэг. Тиймээс ч тус асуудал Үндсэн хуулийн цэц дээр “явалгүй” гацсан.  

Үүнээс болж  МАН-ын удирдлагууд “давхар дээл”-ийн асуудлыг Цэцээс холдуулж оронд нь “Журмын тухай хуульд өөрчлөлт оруулах” асуудлыг Д.Ганбат тэргүүтэй АН-ын бүлгийн  гишүүдээр УИХ-д өргөн бариулахаар тохирчээ.

Тохирооны дагуу ирэх дөрөвдүгээр сард өргөн барих процесс явагдах бололтой. АН-ынхан ч тохироогоо хийсэн бөгөөд дараагийн УИХ-д олонх боллоо гэхэд гишүүдээ Засгийн газарт оруулах ирээдүйгээ бодож байгаа гэх.

-Ж.МӨНХБАТ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫН 70 ОНЫ АХ НАРАА НЭГ МӨР ЯВУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ-

Энэ мэт процессын ажил удахгүй тодорхой болно. Гэхдээ юу үнэн гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт, “давхар дээл”-ийн асуудлаас үүдэн өнгөрсөн хугацааны болон ирэх өдрүүдэд гарах улс төр хөвөрч өрнөж байна.

Тодруулбал, өнгөрсөн намар “давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өргөн барихтай зэрэгцэн МАН дотоод улс төрөө дийлэх үү, гишүүдтэйгээ тохирч чадах уу гэх яриа байсан. Учир нь гишүүд нь эсэргүүцэж УИХ дээр унагаж мэдэх уур амьсгал бүрдсэн байлаа. Бүр “дан дээл”-ийг дэмжиж намын даргынхаа бодлогыг УИХ дээр унагах төлөвлөгөөтэй лобби бүлэг ч байгуулагдсан гэж байв. Харин цаашид энэ асуудлыг яаж дэмжүүлэх вэ. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “давхар дээл”-ийг дэмжихгүй гишүүдээ дуугуй байлгах зорилгоор Хөгжлийн банкны асуудлыг нийгэмд босголоо. Сэдэв ч сайн бослоо.

Далимд нь Л.Оюун-Эрдэнийн танхимыг хэзээд тонгорох эрсдэлтэй тэгээд сайд болох амбицтай бас ч үгүй МАН-д нэгдүгээр эгнээнд эрэмбэлэгдэх Ж.Мөнхбат Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарыг мөн "60 тэрбумын фракц”-ийнхнаасаа нэг мөр салах улс төрийг эхлүүллээ. Хөгжлийн банк бол Л.Оюун-Эрдэнийн “том улс  төр”  

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэгт МАН-д хоёрдугаар эгнээнд эрэмбэлэгдэх С.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Баттөмөр нарыг оруулсан нь ч бас учиртай. Эдэнд дээрх нэгдүгээр эгнийхнийг зайлуулж, оронд нь өөрсдөө суух зорилго бий гэх. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны асуудлыг босгож 70-аад оны ах нараасаа бүр мөсөн салахаар ажиллаж байна.

-“ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН АСУУДЛЫГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ТОХИРООТОЙ БАЙГАА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НОМ ЖУРМЫНХ НЬ ДАГУУ ЯВ ГЭЖЭЭ-

Ташрамд дурдахад, өөрчлөлтийг хийхдээ Засгийн газрын гишүүдийг 100 эсвэл 50 хувь “давхар дээл”-тэй байх асуудлыг эцсийн байдлаар тохироогүй аж. Ямартай ч хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөхдөө ном журмын дагуу холбогдох хуулийг өргөн барьж, шат дараатай хэлэлцүүл гэсэн байр, суурийг илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар тохирсон гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд д Цагаан сарын золголтын үеэр зарим хэвлэлийнхнийг хүлээн авч уулзахдаа “Парламентын засаглалыг үргэлж дэмжинэ. Гишүүдийн тоог нэмэгдүүлж байж парламентын хараа, хяналт сайжирна хэмээн үзэж” байгаа тухайгаа хэлсэн байдаг.