“Кью Эс Си” ХХК-тай холбоотой ташаа мэдээллийг түгээсэн учир шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ

“Кью Эс Си” ХХК-тай холбоотой ташаа мэдээллийг түгээсэн учир шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ

“Кью Эс Си” ХХК-иас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан ташаа мэдээллүүдэд залруулга хийж байна хэмээн “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир:

"Хөгжлийн Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хуульч Ү.Амарбат нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан 

“Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан ташаа мэдээллийг  түгээж төсөл хэрэгжүүлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд зориуд халдсан тул шүүхэд хандаж байгаагаа өнөөдөр албан ёсоор зарлаж байна.

“Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д анх 2010 оноос “Уул уурхай металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж эхэлсэн. Хөрөнгө оруулалтыг хийсвэр мэтээр тайлбарлаж байгаа нь худал мэдээлэл. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК төрийн өмчтэй хэвээрээ байгаа.

Концессын гэрээ хэрэгжүүлж байгаа нь төрөөс төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх төрлийн хэрэгслийг үүрэхгүйгээр хувийн хэвшлийн компанид хариуцуулж ажлаа хийлгэж байгаа гэсэн үг. Дээрээс нь үйл ажиллагааг өргөжүүлэн тэлснээр татварын бааз суурь, ажлын байр нэмэгдэнэ.

“Уул уурхай металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд авч ашигласан нийт санхүүжилтийн 14 хувийг монгол улсын Хөгжлийн банкнаас авч санхүүжүүлсэн.

Тодруулбал, “Кью Эс Си” ХХК “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийн уул уурхайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэчлэх ажлын хүрээнд Концессын гэрээнд заасан зөвхөн нэг төсөл болох “Төмөртэйн ордоос Хандгайт өртөө ” чиглэлийн 33.4 км урттай төмөр замыг барих зорилгоор Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 133 тэрбум төгрөгтэй тэнцэх 71.3 сая ам.долларын валютын зээлийг авсан. Өөрөөр хэлбэл “Уул уурхай металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд авч ашигласан нийт санхүүжилтийн 14%-ийг Монгол Улсын Хөгжлийн Банкнаас авч санхүүжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 88.5 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Одоогийн үлдэгдэл нь 191 тэрбум төгрөг гэсэн шүүхийн шийдвэрээр гарсан тоо байгаа. Ханшийн алдагдал нь 80 тэрбум төгрөг байна.

Гэтэл огт төлөлт хийгээгүй гэж гүтгэсэн. Мөн бид зээлийг зориулалтын бусаар ашиглаагүй. Стратегийн орд руу чиглэсэн төмөр зам, тээвэр ложистикийн цогцолборыг барьж байгуулсан.

"Кью Эс Си" ХХК-иас Хөгжлийн Банкны зээлийг хэрхэн төлөх саналаа 2022.02.25-ны өдөр эрх бүхий байгууллагад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. 

Хөрөнгө оруулалт анх эхлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 800 гаруй ажилтан ажиллаж 700.5 мянган төгрөгийн дундаж цалинтай байсан бол 2014 онд Концессын гэрээ байгуулагдах үед 1,400 гаруй ажилтантай болж 1.2 сая орчим төгрөгийн дундаж цалин хөлстэй болсон. Мөн 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1,457 ажилтан 1.7 сая төгрөгийн дундаж цалинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилийн хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хэвээрээ байгаа гэсэн нь худал. Бид 20 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн борлуулалтын орлого 10 дахин, улсад төлдөг татварын хэмжээ нь ч 10 дахин нэмэгдсэн" гэв. Түүнчлэн "2010-2017 он хүртэл эрчимтэй бүтээн байгуулалтын үе байсан. 2017 оноос одоог хүртэл харин маш олон эцэс төгсгөлгүй хяналт шалгалтын үе явж байна.

Бид шалгуулахаас татгалзахгүй. Гэхдээ дөрвөн жилд 20 гаруй хяналт шалгаалт явагдсан бөгөөд одоо ч дуусаагүй явна. 

Дараагийн төслийн тухайд гэвэл бид Гангийн үйлдвэрийг өөр технологийн дагуу барьж байгуулах судалгааны ажлыг 2019 оноос эхлүүлж, КОВИД-ын нөхцөлд 2021 оны есдүгээр сард “Монгол ган цогцолбор I” -ийн ТЭЗҮ батлуулсан байгаа. 

Дээрээс нь Хөгжлийн Банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа байгууллагыг шалгахдаа компанийн үйл ажиллагааг зогсоож, дансыг нь хааж, экспортыг нь зогсоож байгаад шалгалт явуулж байна. Ингэж зээл төлүүлдэг юм уу. Компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр шалгаж болдоггүй хэрэг үү. Эдийн засагт валют олдохгүй байхад өнөөдөр бидний экспортын орлогыг Хөгжлийн Банкаар дамжуулан зогсоочихсон.

Сүүлийн хоёр сарын хугацаанд компанийн дансыг хаагаад борлуулалтыг таслан зогсоож байгаад энэ үйл ажиллагааг явуулж байна.

Бид ямар ч саадгүйгээр шалгуулаад явж байхад заавал ингэж үйл ажиллагааг нь зогсоож болох уу. Энэ бол маш буруу зүйл" хэмээн ярилаа.