“4 аймаг 400 км” уртын явган алхалт зохион байгуулна

“4 аймаг 400 км” уртын явган алхалт зохион байгуулна

Үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар зохион байгуулна. Энэхүү аяны нээлтийн алхалтын арга хэмжээг 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах бөгөөд аяныг угтаж “4 аймаг 400 км” үзэл санааны явган алхалтын хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 10-20-ны өдөр Алтай, Хангай, Говийн нутгаар хэрэгжүүлэхээр бэлтгэжээ.

Монголын явган алхалтын холбооны зүгээс сонгон шалгаруулсан спортын мастер, гарамгай аялагч Э.Чойсүрэнгээр ахлуулсан алхалтын багт амжилт хүсэж ЭМЯ, НЭМҮТ-ийн туг болон явган аялалд шаардлагатай анхны тусламжийн багцыг өнөөдөр гардууллаа. Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9 хувь нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна. Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаанд сүүлийн 5 жилийн байдлаар ХБӨ давамгайлж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүд ордог.

Артерын даралт ихсэлтийн тархалтаар Монгол Улс Номхон далайн баруун бүсийн 37 орныг тэргүүлдэг. ХБӨ, осол гэмтэл нь хөдөлмөрийн насныхны өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж хүн амын дундах нас баралтын 71 хувь нь ХБӨ-ний шалтгаантай, үүний 33 хувь нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлдэг.

Дэлхийд хүн амын нас баралтын 6 хувь нь хөдөлгөөний хомсдлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж байна.

Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна. Манай улсад 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, суугаа идэвхгүй байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 15-69 насны 3 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна.