ЭЦГ: Хүрэн баавгайн түүхий эдийг борлуулахаар хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

ЭЦГ: Хүрэн баавгайн түүхий эдийг борлуулахаар хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Хүрэн баавгайн түүхий эдийг нь хууль бусаар борлуулахаар хадгалж байсныг хураан авчээ.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас мягмар гарагт буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 47 настай, эрэгтэй “М” нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод гэртээ хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгой, дөрвөн ширхэг саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Монгол Улсын Эрүүгийн хууль 24.5 дугаар зүйлд:

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.