Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл өглөө.
Энэ талаар холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд: "Бид тавдугаар сарын 1-8-ны хооронд нийт 10 уралдаан зохиохоор төлөвлөсөн байсан. Гэтэл УОК-оос ямар ч урьдчилан мэдэгдэлгүйгээр шүлхий өвчинтэй холбоотой хязгаарлалт тогтоосон. Энэ нь морио сойж байсан олон хүний эрх ашиг, эдийн засагт нөлөөлсөн.
Иймд тавдугаар сарын 15-нд дуусах уг хязгаарлалтыг сунгах эсэхээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй байна. Сунгахгүй гэвэл тавдугаар сарын 15-наас уралдаанаа зохиомоор байна" гэв. Уяачид асуулгынхаа хариуг гурван өдрийн дотор авахыг хүслээ.
Мөн эрлийз болон Монгол морины маргааны талаар "Монголд 4 сая гаруй адуу бий. Үүний 1 хувь нь эрлийз адуу. 120 мянга гаруй уяачдын 90 гаруй хувь нь монгол адуугаа уядаг. Сэрвээний өндрөөр хэмжихээр эрлийз адуу уралдах нөхцөл байна. Өөр ямар ч оронд сэрвээний өндөр хардаггүй. Энэ асуудалд илүү шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй.
Мөн нэг зорилго, чиглэлтэй хоёр холбоо байж болохгүй. Хэрэв Монголын морин спорт уяачдын холбооны үйл ажиллагааны чиглэл манай холбоотой ижил байвал нэгдэж ажиллахад нээлттэй. Гэвч тус холбоо нь илүү олон улс талдаа, бид дотоод, орон нутаг талдаа ажилладаг" хэмээв.