УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан товын дагуу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас энэ долоо хоногийн Даваа, Мягмар гарагт хуралдахаар болсон.
"МАН ДАНГААРАА Ч ЧУУЛГАНАА ХУРАЛДУУЛАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ"
Гэвч өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-ний 14:00 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаан мөн л гишүүдийн ирц хүрээгүйн улмаас дахин хойшиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй хойшлох бүрт “Ардчилсан намын хийж буй улс төрийн үр дүнд төрийн ажил хойшилж байна” хэмээн шүүмжлэх хэсэг бий. Гэвч энэ бол Ардчилсан намын хийж буй улс төрөөс илүү Монгол Ардын намын дотоод хагарал хэр хэмжээнд хүртлээ гүнзгийрснийг харуулсан үйл явдал болж байна.
Учир нь Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар ХҮН нам болон Үндэсний эвсэлтэй хамтран байгуулагдсан. Ингэснээр МАН-ын 68, ХҮН намын найм, Үндэсний эвслийн дөрвөн суудал буюу нийт 80 гишүүн Засгийн газрыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, МАН дангаараа ч чуулганы ирцийг бүрдүүлж, хуралдуулах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр 64 гишүүний ирцэд ч хүрэхгүй байна.
"АН-ЫН ТАВАН ГИШҮҮН НЭМЭГДЭЭД Ч ИРЦ ХҮРСЭНГҮЙ"
Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын 63 гишүүн ирцэд бүртгүүлж, 16 гишүүн гадаад, дотоод томилолт болон чөлөөтэй байсан бол 47 гишүүн ирцэд бүртгүүлээгүй байна. Намын харьяаллаар нь харвал Ардчилсан намын гишүүд “Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно” гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Гэхдээ АН-ын таван гишүүн нэмэгдээд ч чуулганы ирц 64-т хүрсэнгүй.
Харин Засгийн газартай хамтарсан Үндэсний эвслийн дөрвөн гишүүн бүгд ирцээ бүртгүүлээгүй. ХҮН намын найман гишүүнээс долоо нь ирцээ бүртгүүлсэн бол ИЗНН-ын дөрвөн гишүүнээс хоёр нь ирцэд оржээ.
Эндээс харахад төрийн ажлыг гацааж байгаа гол шалтгааныг зөвхөн АН-ын гишүүдийн ирцээр тайлбарлах боломжгүй. Ялангуяа, 68 суудалтай МАН өөрийн ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа нь илүү том асуудал.
"Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН 15 ГИШҮҮН ЧУУЛГАНД ИРСЭНГҮЙ"
МАН-ын бүлгийн Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Ганбаатар, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 15 гишүүн чуулганы ирцэд ороогүй. Эндээс Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн хүрээлэлтэй холбоотой гишүүд чуулганыг бойкотолж байгаа нь илт харагдана. Тэд бүгд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүмүүс.
Гэхдээ энэ дундаас бүр ч анхаарал татах хэсэг нь жагсаалтаар сонгогдсон гишүүд юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН өөрсдийн жагсаалтад оруулсан 48 гишүүнээ боловсрол, улс төрийн туршлага, мэргэжлийн ур чадвараар нь "тэнгэрт гартал" магтаж байсан. Тойргоос бус намын бодлого, нэр хүнд, улс төрийн сонголтоор парламентад орж ирсэн эдгээр гишүүдийг бодлогын түвшинд ажиллах, салбарын мэргэшсэн төлөөлөл хэмээн тодорхойлж байв. Гэтэл өнөөдөр тэдний зарим нь олны өмнө ярьдаг тэр боловсрол, туршлагаа улс орондоо ашиглахаас илүү өөрсдийг нь жагсаалтад оруулсан улс төрийн хүмүүстэйгээ хамт улс төр хийхэд анхаарч байна.
"ЧУУЛГАН ТАСАЛСАН 15 ГИШҮҮНИЙ ТАВ НЬ МАН-ЫН ЖАГСААЛТЫН ГИШҮҮН БАЙНА"
Тухайлбал, МАН-ын жагсаалтаар А.Ариунзаяа 12 дугаарт, Б.Баярбаатар 13 дугаарт, Х.Баасанжаргал 18 дугаарт, М.Мандхай наймдугаарт, О.Саранчулуун дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон. Өнөөдөр эдгээр гишүүдийн нэр МАН-ын ирц бүрдүүлээгүй 15 гишүүний дунд байна.
Үүгээр зогсохгүй Х.Нямбаатарын нөлөөгөөр СХД-ээс сонгогдсон Н.Алтаншагай, Л.Оюун-Эрдэнэтэй улс төрийн хувьд ойр О.Батнайрамдал, Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон Э.Болормаа нарын нэр ч мөн энд бий. Мөн энд сануулах ёстой нэг зүйл бол 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-ын жагсаалтын гишүүдийг тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан нар гаргаж байсан.
Тухайн үед тэдний зурсан жагсаалтын гишүүдийг харвал, эхний таван гишүүд магадгүй боловсрол, улс төрийн туршлага харсан. Үүнээс цааш өөрсдийн гар хөл болсон ойрын хүмүүсээ жагсаасан байгаа нь харагдаж байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч сануулж байсан билээ.

"Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ БАЙСАН НЬ МӨН МАН-ЫН ЖАГСААЛТЫН ГИШҮҮД БАЙВ"
Энэ үйл явдал ганц удаа гарч байгаа асуудал биш. 2026 оны зургаадугаар сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал”-ыг хэлэлцэх үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл хүлээлгэх байр суурийг илэрхийлж, түүнийг илт хамгаалж байсан гишүүдийн дунд мөн л жагсаалтаар сонгогдсон болон Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хүрээлэлд багтдаг гишүүд байсан.
"ЖАГСААЛТААР СОНГОГДСОН ГИШҮҮД НИЙТ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛОХ БУС ГИШҮҮН БОЛГОСОН ХҮМҮҮСТЭЭ Л ҮЙЛЧИЛЖ БАЙНА"
Монгол Улс 2024 оны УИХ-ын сонгуулиар холимог тогтолцоог шинэ зохицуулалтын дагуу хэрэгжүүлж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгосон. Ингэснээр 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Холимог тогтолцооны давуу тал нь зөвхөн тойрогт өрсөлдөж чадах улс төрчдөөс гадна тухайн салбарын мэргэшсэн, туршлагатай хүмүүсийг парламентад оруулах боломж. Мөн намын бодлого, мөрийн хөтөлбөрөөр нийт сонгогчдоос санал авах, төлөөллийг нэмэгдүүлэх боломж ч үүнд бий. Гэтэл тэд хууль тогтоох байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, нийт ард түмний төлөөлөл болох бус намын жагсаалтад багтааж, парламентын гишүүн болгосон хүмүүстээ л үйлчлэх, тэднийг хамгаалахад анхаарч байна.
Сануулахад, УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөсөн байдаг.