СУРВАЛЖИЛГА: Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хааж,  зогсоол болгоод иргэдээс төлбөр авч байж болзошгүй

СУРВАЛЖИЛГА: Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хааж, зогсоол болгоод иргэдээс төлбөр авч байж болзошгүй

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн хааж, иргэдээс хууль бусаар төлбөр авдаг зөрчил өнөөдрийг хүртэл цэгцэрч чадахгүй байна. Үүний тод жишээ бол Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансрын туннель орчмын авто зогсоолын маргаан юм.

ВИДЕО:

-“УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ”-ЫН 5.3 ДАХЬ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН НЬ ТОГТООГДСОН ТУЛ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ШИЙДВЭР ГАРСАН-

Асуудлын эхлэл 2026 оны есдүгээр сарын 3-нд тавигдсан юм. Тухайн байршилд нийслэлийн нэрийг барьж, зогсоолын хаалт тавьсан тухай иргэний гомдлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хүлээн авчээ. Улмаар тус гомдлыг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн менежер Ч.Амартүвшин -хянаж, есдүгээр сарын 7-ны өдөр албан ёсны хариуг өгсөн байна.

Албан бичигт дурдсанаар, Сансрын туннель дээрх зогсоолыг “Паблик паркинг” ХХК нь “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2026 оны гуравдугаар сараас хойш ажиллуулж байжээ. Гэвч уг үйл ажиллагаа нь “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам”-ын 5.3 дахь заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул гэрээг цуцлах шийдвэр гарсан байна.

Хууль ёсны дагуу бол төрийн байгууллагын шийдвэр гарсан даруйд зогсоолын хаалтыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ёстой. Гэвч шийдвэр гарснаас хойш хэд хоносон ч бодит байдал дээр хаалт хэвээр байж, иргэдээс төлбөр авсаар байгааг оршин суугчид болон жолооч нар гэрчилж байна.

-ШААРДЛАГА ТАВЬСАН БОЛОВЧ КОМПАНИЙН УДИРДЛАГУУД "БИД ГЭРЭЭНИЙ ДАГУУ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙГАА” ГЭЖ ХЭЛСЭН-

Тус байршилд үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид болон иргэдийн байр суурийг сонсоход хувийн ашиг сонирхлын үүднээс нийтийн эзэмшлийн талбайг хааж, иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж байгаад туйлын бухимдалтай байна. Тэдний хувьд гол асуудал нь зогсоолын төлбөрийн дүндээ биш, харин хотын өмчийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж, бизнес хийж байгаад байгаа юм.

Энэхүү маргааны талаар БЗД-ийн 3 дугаар хорооны Засаг дарга Б.Хөлгөнөөс тодруулахад "Энэ асуудал нь хороо, дүүргийн шууд мэдлийн шийдвэр биш, нийслэлийн түвшинд холбогдох асуудал учраас хорооноос дангаар шийдвэр гаргах боломжгүй" гэсэн тайлбарыг өглөө. Мөн хорооны зүгээс тухайн компанид шаардлага тавьсан боловч компанийн удирдлагууд "Бид гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж надад хэлсэн"  хэмээсэн юм.

Хэрэв тухайн компани үйл ажиллагаагаа хууль ёсных гэж үзэж байгаа бол ямар эрх зүйн хүрээнд ажиллаж байгаагаа олон нийтэд ил тод тайлбарлах шаардлагатай. Түүнчлэн нийслэлийн холбогдох албаныхан гаргасан шийдвэрээ цаасан дээр үлдээлгүй, бодит байдал дээр хэрэгжүүлж, хаалтыг албадан буулгахгүй бол төрийн шийдвэрийн үнэ цэнэ, нөлөө улам бүр суларсаар байх вий.




Өнөөдөр хулгана өдөр

52 минутын өмнө