Шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тогтоол усанд осолдож, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Зэвсгийн агуулах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 04.24-ний өдрийн 21:40 цагийн орчим гурван хүн шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолдсон байна.
Энэ тухай дуудлага хүлээж аваад тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг гурван метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгчээ.