Б.Бямбажаргал: Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж, сүрт жагсаал зохион байгуулна

Б.Бямбажаргал: Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж, сүрт жагсаал зохион байгуулна

Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургадугаар сарын 14-нд тэмдэглэх талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлага болон холбогдох төлөөллүүд мэдээлэл хийлээ. 

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал: Монголчууд өөрсдийн гэсэн зурхайн тоололтой. Бид төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Төгс буянт зурхайн уламжлалт ёсонд давхардсаны араар, тасарсны өмнүүр авдаг. Тиймээс зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэхээр болж байгаа юм. 

Олон улсын Буддист нийгэмлэгийн тэргүүн Л.Дагвасүрэн: Бид улсынхаа төв талбайд энэрэн нигүүлслийг уриалсан бясалгалын флашмоб зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнд 3000 гаруй хүн оролцоно гэж тооцож байна. Жил болгоны зуны тэргүүн сарын шинийн 15-нд жагсаал, хүндэтгэлийн парад, энэрэн нигүүлсэлд уриалсан бясалгалын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Түүнчлэн Гандантэгчэнлин хийд рүү чиглэлтэй хүндэтгэлийн парад болно. 2013 оноос хойш энэхүү парадыг тогтмол зохион байгуулж байна. Бүх нийтийн амралтын өдөр учраас оролцохыг хүссэн иргэд олбог, үндэснийхээ хувцастай ирж оролцох боломжтой. Сүхбаатарын талбайд 09:00-11:00 цагийн хооронд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Бясалгалын флашмоб, хүндэтгэлийн парад нь цаашдаа аялал жуулчлалын фестиваль болдог онцлогтой.  Энэ нь гадаад, дотоодын жуулчдыг татах онцлогтой. 

Бакула Ринбүүчи сангийн тэргүүн Ц.Ширмэнбаатар: Бурхан багшийн Их Дүйчин өдөр нь бусад баяраас ялгаатай. Ихэнх хүмүүс завгүй амьдрал, бухимдсан нийгмийн хэмнэлд орсон байна. Тиймээс дотоод сэтгэл рүүгээ хандах боломжийг энэ өдөр олгодог. Завгүй амьдрал, бухимдсан нийгмийн хэмнэлд орсон байна. Тиймээс Бурхан багшийн сургаал, энэрэл нигүүлслийг өөртөө хагжуулах боломж олгосон Их дүйчин өдөр жилд ганц тохиодог. 

Ташрамд өгүүлэхэд, Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилсан. Энэ жил зургадугаар сарын-14 мягмар гарагт тохиож байгаа юм. Зуны тэргүүн сарыг угтан тэмдэглэдэг энэ өдрийг энэ жил “Энэрэл хайр түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.