Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2022-04-29 11:42

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярыг ирэх сарын 12-нд хаалттай шүүхээр боллоо

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчидсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ болж, шүүх хурлын товыг тогтлоо.

Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцлоо. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааны товыг тавдугаар сарын 12-нд тогтоов. Мөн нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай байдлаар хийх шийдвэр гарсан байна.

2022-04-29 09:07

Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ 10.00 цагт эхэлнэ. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгч талууд хаалттай явуулах санал гаргажээ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

  • Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
  • Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
 
2.1.онц харгис хэрцгийгээр хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
17.8 дугаар зүйл.Эд хөрөнгө устгах, гэмтээх
 
1.Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.



Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө