Монгол Улсын хилээр их хэмжээний зэрлэг бөхөнгийн эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан томоохон хэргийг хууль хяналтын байгууллагууд хамтран илрүүлжээ.
Тодруулбал, 3260 ширхэг буюу 700 орчим кг жинтэй зэрлэг бөхөнгийн эврийг Оросын Холбооны Улсаас хууль бусаар хил давуулах гэж байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна. Өдгөө цагдаагийн байгууллага хил, гаалийн албаныхантай хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дэлхийн хэмжээнд зэрлэг бөхөнгийн эврийн хууль бус наймаа нь маш өндөр зохион байгуулалттай сүлжээгээр дамжин хийгддэг байна. Уламжлалт эмчилгээний зах зээлийн өндөр эрэлт хэрэгцээг дагаж Төв болон Дундад Азийн орнуудаас (Монгол, Казахстан, Узбекистан гэх мэт) Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу хууль бусаар зөөвөрлөх тохиолдол тасардаггүй байна.